Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ, хувьцааны арилжааны дүн, Топ-20 индекс, шинээр бүртгүүлсэн үнэт цаасны тоо 2021 онд түүхэн дээд түвшинд хүрсэн талаар Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ. Тухайлбал, өмнөх жилийн эцсийн байдлаар тус бирж 248 удаагийн арилжаагаар 146 компанийн 733.3 сая ширхэг хувьцааг 304.9, 10.6 мянган ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг 4.23, 75.8 сая ширхэг сангийн нэгж эрхийг 56.8 тэрбум төгрөгөөр борлуулжээ. Мөн компанийн бонд 9.4 сая ширхгийг 1.04 их наяд төгрөгөөр арилжсанаар нийт 1.4 их наядын гүйлгээ хийсэн байна. 2021 онд зах зээлийн үнэлгээ 97 хувиар нэмэгдэж 5.9 их наяд төгрөг, Топ-20 индекс 130 хувиар өсөж 44 411 нэгжид хүрснийг мөн дурдлаа.
Дээрх хугацаанд Монголын хөрөнгийн бирж үйл ажиллагаанаасаа 5.5 тэрбум төгрөгийн орлого олж, 2.2 тэрбумын зардал гарган, 2.1 тэрбумын хуримтлагдсан өр төлбөр барагдуулж, төсөвт 530.8 саяын татвар, хураамж төлсөн аж. Татварын дараах цэвэр ашиг нь 3.2 тэрбум төгрөгт хүрсэн нь тус биржийн 30 жилийн түүхэн дэх өндөр үзүүлэлт болжээ. Сонирхуулахад, өдөрт арилжаанд оролцдог хөрөнгө оруулагчийн тоо дунджаар 3000, ДНБ-д хөрөнгийн зах зээлийн эзлэх хувь 12-т хүрсэн статистик гарсан байна
Бэлтгэсэн Ц.Болор