Сүүлийн таван жилд 1280 эх гэртээ төржээ -
XXI зууны Монголд жил бүр 200, 300 бүсгүй “араг түшиж” амаржиж байна. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн судалгаанаас харахад 2017-2021 онд буюу сүүлийн таван жилд гэхэд л 1280 эх эмнэлгийн тусламж авч чадалгүй гэртээ амаржжээ. Тэгвэл эндсэн гурван ээж тутмын нэг нь эх барихын тусламж, үйлчилгээтэй шууд холбоотойгоор нас бардаг юм байна. Өөрөөр хэлбэл, эх, хүүхэд амиа алдах шалтгааны 30-37 хувь нь эмнэлгийн бус орчинд амаржиж, эмчилгээ, үйлчилгээ оройтож авсантай холбоотой гэсэн үг.
Эх бүрийг эмнэлгийн орчинд төрүүлэх нь ээж, нярайн эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах хамгийн чухал хүчин зүйл гэж олон улсад үздэг. Учир нь амаржих үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ, тоног төхөөрөмж, эрүүл ахуйн орчин нь эх, хүүхдийг олон өвчин, халдвараас сэргийлэхээс гадна нас баралтын шалтгааныг эрс бууруулдаг аж. Үндэсний статистикийн хороо болон НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтран хийсэн Монгол Улсын нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанд дурдсанаар эндсэн дөрвөн эх тутмын гурав нь жирэмсний болон төрөх үеийн хүндрэлээс болж нас барсныг онцолжээ. Тиймээс эсэн мэнд амаржихад хамгийн чухал зүйл нь эх барихын тусламж, үйлчилгээг ур чадвартай эмч, сувилагч нар зөвхөн эмнэлэгт үзүүлэх юм. Түүнчлэн шаардлагатай үед уг тусламж, үйлчилгээг бүх шатны эрүүл мэндийн байгууллагад үзүүлэх тогтолцоо бүрдсэн байх нь чухал аж.
Эмнэлгийн мэргэжилтний эх барьсан хүүхдийн эзлэх хувь нь Тогтвортой хөгжлийн зорилтын эхийн эндэгдлийг бууруулах буюу 3.1-т заасныг хангах гол үзүүлэлт. Гэвч манай улсад бүсгүйчүүд гэртээ амаржсаар, эхийн эндэгдэл жил ирэх тусам өссөөр, энэ нь Мянганы, Тогтвортой хөгжлийн зорилтын хувь хэмжээндээ хүрч чадахгүй л байна. Тодруулбал, улсын хэмжээнд 2016-2020 онд 116 эх энджээ. Мянганы хөгжлийн зорилтын хүрээнд уг тоог манайх 100 мянган төрөлт тутамд 15-20-д “барих” ёстой атал өдгөө 23-48-тай байгаа аж. Тэгвэл өнгөрсөн онд 68 эх эндэж, 100 мянган төрөлт тутамд 94.9 болтлоо нэмэгдсэн харамсалтай статистик гарчээ. Тэднээс 46 нь коронавирусийн улмаас нас барсан бол 22 нь бусад шалтгаантай байж.
Эх, хүүхдийн эндэгдлийн голлох шалтгаануудын нэг нь дээр хэлсэнчлэн гэртээ амаржих явдал аж. Энэ нь олон шалтгаантайг эмч нар хэлж байна. Аймаг, нийслэлийн амаржих газрууд эхчүүдийг аль болох гэрт нь төрүүлэхгүйг хичээдэг ч хот, суурин газрын алслагдмал байдал, замын түгжрэлээс болж эмнэлгийн тусламж оройтож очих нь наад захын үзэгдэл болжээ. Мөн зарим эмэгтэй жирэмсний хяналтад оройтож орох, огт хяналтгүйгээр амаржих, тухайн эхийн биеийн онцлог, эрүүл мэндийн байдал, дутуу төрөх зэргээс гадна 2-3 дахь удаагаа төрөх үед гэртээ болон бусад орчинд нярайлах тохиолдол олонх хувийг эзэлдэг аж. Харин эхчүүд энэ талаар арай өөр байр суурь илэрхийлсэн юм.
Иргэн Д.Наран (нэрийг өөрчлөв) “2018 онд хоёр дахь хүүхдээ эмнэлгийн тусламжгүйгээр аавынхаа машинд төрүүлж байлаа. Тухайн үед өвдөөд түргэн тусламж дуудсан ч ирээгүй. “103”-ын эмч “Өөрсдөө ир” гэсний дагуу аавтайгаа амаржих газар луу явах замдаа нярайлчихсан юм. Ерөнхийдөө олон жилийн зайтай амаржиж буй учраас төрөх үйл явц эхэлж буйг мэдээгүй. Хэт тулгачихсан байна гэж эмч нар хэлсэн. Гэртээ ч биш, бүр машинд төрсөн надад үнэхээр аймшигтай байсан. Хамгийн харамсалтай нь, төрөх үед хүүхдэд минь халдвар дамжиж, олон сарын эмчилгээ хийлгэсэн ч амьдруулж чадаагүй. Замын түгжрэл ийм их байхад иргэд өөрсдөө амаржих газар луу очно гэдэг маш хэцүү шүү. Над шиг түгжрэлийн улмаас машиндаа, таксинд төрсөн эх ч байдаг. Ядаж түргэн тусламжийн машинаар явсан бол хугацаа алдахгүй байсан гэж байнга харамсдаг” гэж ярилаа.
Тэгвэл гурав дахь хүүхдээ гэртээ төрүүлсэн Ж.Туяа “Ойрхон төрж буй ээжүүд маш анхааралтай байх шаардлагатай. Төрөлт маш хурдан явагддаг юм билээ. Би 2021 онд гурав дахь хүүхдээ гэртээ төрүүлсэн. Дөнгөж дуншаад төд удалгүй л өвдөөд эхэлчихсэн. Ингээд яаралтай тусламж дуудахад нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвөөс манайх руу нэг эх баригч, сувилагч явуулсан. Өглөө байсан учраас 10 минутын дотор л ирцгээсэн байх. Эх баригч үзлэг хийгээд “Эмнэлэг явж амжихгүй нь” хэмээгээд намайг гэрт минь төрүүлсэн. Азаар хүүхэдтэйгээ эсэн мэнд уулзаж, эмнэлэгт тав хоног эмчлүүлээд гарсан. Гэртээ төрөх үед эх, хүүхдэд халдвар дамжихаас сэргийлж, антибиотик эмчилгээ хийдэг юм билээ. Миний хувьд төрөх эмнэлэгт цаг алдаж хандсан нь үнэн. Гэхдээ энэ нь эмч нар биднийг байнга буцаадагтай холбоотой. Ихэнхдээ “Төрөх болоогүй байхад ирлээ. Өвдөх давтамж ойртохоор эмнэлэгт ир” гэдэг болохоор амьхандаа л цагаа тулгаж очих санаатай хүлээж байгаад гэртээ төрчихсөн. Судлаад үзтэл бид хоёр харин ч азтай байсан. Гэртээ төрсөн хүмүүсийн бараг 50 хувь нь эмчийн тусламжгүйгээр өөрсдөө амарждаг юм билээ. Энэ нь маш олон эрсдэл, хүндрэл дагуулах аюултай тул төрөх хугацаа нь тулсан эмэгтэйчүүд эмнэлэгт цаг алдалгүй хандаасай гэж зөвлөе. Мөн төрөх эхчүүдийг амаржих газраас гэр лүү нь буцаадгаа болих хэрэгтэй. Намайг эмнэлэгт очиход бас нэг охиныг эмч нар буцааснаас болж гэртээ төрчихсөн гээд ирж байсан” гэлээ.
Гэрийн болон эмнэлгээс бусад орчинд амаржих тохиолдол дан ганц манай улсын тулгамдсан асуудал биш юм байна. Дэлхийн шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, анагаах ухааны салбарын судалгааны нийгэмлэгүүдийн нэгдсэн BMC байгууллагын 2021 оны арваннэгдүгээр сарын 2-нд нийтэлсэн “Гэрийн төрөлттэй холбоотой хэтийн төлөв, системчилсэн тойм судалгаа”-нд уг асуудлаарх олон талын мэдээлэл, зөвлөмжийг дурджээ. Дэлхийн хэмжээнд цар тахал тархсан сүүлийн хоёр жилд буюу 2020, 2021 онд гэрийн төрөлт 1990 оноос хойш түүхэн дээд түвшиндээ хүрч. Энэ нь эмнэлгийн орчин эрсдэлтэй байсантай холбоотой гэнэ. Энгийн үед бол нийт төрөлтийн 1-1.03 хувийг гэрийнх эзэлдэг байна. Тэгвэл 2020 онд ийм төрөлт дэлхийн хэмжээнд 22 хувиар нэмэгдсэнийг дээрх судалгаанд дурджээ.
Гэхдээ олон улсад, тэр дундаа өндөр хөгжилтэй орнуудад эхчүүд гэртээ төрөхийг чухалчилдаг төдийгүй үүнийгээ захиалгаар, мэргэжлийн эх баригч, асрагчийн удирдлагад зохион байгуулдаг аж. Тодруулбал, тухайн гэр бүлийнхний хүсэлтээр гэрт нь, тусгайлан бэлтгэсэн, ариутгасан өрөөнд мэргэжлийн эмч нарын тусламжтайгаар амаржуулж болдог гэсэн үг. Харин манайх шиг эмнэлгийн, ялангуяа явуулын тусламж, үйлчилгээ сайн хөгжөөгүй улсад гэртээ төрөх боломжгүй бөгөөд аюултайд тооцогдож буй. Өөрөөр хэлбэл, ядуу буурай, хөгжиж буй орнуудад эмнэлгээс бусад орчинд төрөх нь эх, хүүхдийн өвчин, эндэгдлийн тэргүүлэх шалтгааны нэг болсоор байна. Тиймээс ДЭМБ, НҮБ зэрэг байгууллагынхан улс орнуудад өрхийн эмнэлгээс эхлээд бүх шатанд эх барихын тусламж, үйлчилгээг тэлэх замаар гэртээ төрөх тохиолдлыг таслан зогсоож, эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахыг уриалж буй.
Манай улс шиг цөөн хүн амтай, төрөлт буурч буй улсад эх, хүүхдийн эрүүл мэнд хамгийн тулгамдсан, бас анхаарах чухал асуудал болоод байгаа. Жил бүр гэртээ амаржих хүний тоо дунджаар 250-иас буурдаггүй. Үүнээс гадна гэр, эмнэлгээс бусад орчин (такси, гудамж, талбай, үйлчилгээний байгууллага гэх мэт)-д нярайлах нь ч жилд 20, 30-аар тогтдоггүй юм байна. Уг нь ЭМЯ, нийслэлийн Эрүүл мэндийн газраас ийм асуудлыг таслан зогсоохын тулд өрхийн эмнэлэг, амаржих газруудад хатуу анхааруулж, зөрчил гаргасан эмч нарын цалин, эрүүл мэндийн байгууллагуудын чанар, амжилтын хувиас хасдаг юм гэсэн. Тэгвэл эмч нарын тухайд ингэж арга хэмжээ авахыг эсэргүүцсэн бөгөөд үүний оронд эрүүл мэндийн тогтолцооны “гажгаа” засаж, эх, нярайн тусламж, үйлчилгээний чанарын зөрүүг арилгах нь чухал гэв. Эс тэгвээс гэртээ амаржих тохиолдлыг цөөлөх, бүрмөсөн тэглэх боломжгүйг хэллээ.