Иргэн С гэгч нь иргэд рүү залган “Ерөнхийлөгчийн тамгын газрын Шагналын тасгийн ажилтан, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн байна. Танд, төрийн одон медаль гардуулах боллоо, “Танай компанид дэмжлэг болгож тоног төхөөрөмж нийлүүлэх боллоо” тэмдэгтийн хураамж, тоног төхөөрөмжийн урьдчилгаа, гаалийн татварыг шилжүүлнэ үү” хэмээн бусдыг залилж байсныг цагдаагийнхан илрүүлэв. 29 настай С өмнө нь буюу 2020 онд 100 гаруй удаагийн үйлдлээр бусдыг залилж, 100 мянгаас 2 сая төгрөгийг дансаар шилжүүлэн авч байжээ. С-ийн бусдад учруулсан хохирлын хэмжээ 55 сая төгрөг болжээ. Цагдаагийнхан гэмт хэрэгтнийг 2021 оны зургадугаар сард илрүүлж, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулан, 2021 оны арванхоёрдугаар сард шүүхэд шилжүүлсэн байна. Шүүгдэгч С нь хэрэг хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд дээрх аргаар дахин залилах гэмт хэрэг үйлдсэн аж. Тиймээс цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, албан ёсны эх сурвалжаас тухайн мэдээллийг тодруулж, нягталж байхыг анхаарууллаа.