Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт энэ сарын 13-ны өдөр 16.42 цагт тээврийн хэрэгсэл онхолдож, хүний амь эрсдэв. Урьдчилсан байдлаар хэсэг, бүлэг малчин сунгаа хийж, морьд дагаж явсан машин онхолдсон гэх мэдээлэл байна. Осол тус сумын 2-р баг “Хонгорын элс” гэх газарт болжээ. Тухайн ослын үеэр суудлын жижиг тэрэг онхолдож, зорчиж явсан нэг иргэн нас барж, жолоочоос гадна 1 иргэн биедээ гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн байна. Хэргийг Дорноговь аймаг дах цагдаагийн газрын Замын Үүд сум дах сум дундын Цагдаагийн хэлтэс шалгаж байна. Уг морин уралдаан нь албан ёсны зөвшөөрөлтэй үйл ажиллагаа биш юм. Дулааны улирал эхэлж байгаатай холбоотой малчид уралдааны морио хөлслөх, үсэргээ, сунгаа хийхдээ автомашин, мотоциклоор дагах явдал нэлээдгүй гардаг гэнэ.
Ташрамд дурдахад, өнгөрсөн баасан гарагт Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байхыг анхааруулсан. Улмаар аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газруудад албан тоот хүргүүлсэн. Тус албан тоотоор “…өөрийн харьяа нутаг дэвсгэрт хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээг зохион байгуулахгүй байх тал дээр хяналт тавьж ажиллах”-ыг анхааруулсан.
Угаас Засгийн газрын 2019 оны 57 дугаар тогтоолын 1-т “Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосугай” гэж заасан.
Хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн нэгд тооцогддог. Мөн Засгийн газрын 2011 оны 303 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөрт хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгайлан авч үзсэн төдийгүй ийм төрлийн хөдөлмөр эрхлүүлсний улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэнд нь хохирсон бол гэм буруутай этгээдээс нөхөн төлбөр гаргуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилт тавьсан билээ.