Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны нэгдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 278 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 107 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 171 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 39 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 9 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 14 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 5 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 9 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна.
Монгол Улсад бий болсон коронавирус /омикрон хувилбар/-ийн цар тахлын үеийн нөхцөл байдалтай зохицуулан албан тушаалтнаас 2021 оны ХАСХОМ-ийг шинэчлэн гаргуулах үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр тус газраас уг мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнууд болон мэдүүлэг гаргагч нарт онлайн сургалтыг тухай бүр зохион байгуулж, холбогдох албан тушаалтнуудад нэгдсэн заавар зөвлөмж өгч, арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна. ХАСХОМ-ийг шинэчлэн гаргаж бүртгүүлэх үйл ажиллагаа улсын хэмжээнд үргэлжилж байгаа бөгөөд уг ажлын явц 85 орчим хувьтай байна.
ХАСХОМ бүртгүүлэх хуулийн хугацаа дуусахад 5 хоног үлдлээ. Хуулийн хугацаанд багтаан мэдүүлгээ бүртгүүлэхийг уриалж байна.