Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Бат-Ялалтад холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр хүлээн авсан байна. Улмаар өнөөдөр буюу 2022 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр хэргийг хянан хэлэлцэв. Ингээд шүүгдэгч Х.Бат-Ялалтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгийн торгох ял оногдуулсан байна.
Х.Бат-Ялалт нь УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгээс 2016 оны сонгуулийн үеэр 200 сая төгрөг нэхсэн гэдэг. Харин Л.Эрдэнэчимэг нь Х.Бат-Ялалтын данс руу 50 сая төгрөг шилжүүлж байсан удаатай. Гэвч сэтгүүлч Б.Алтаншагай, “Шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд согтууруулах ундаа хэрэглэн, тамхи татаж буй бичлэгийг олон нийтэд дэлгэсэн билээ.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар