Цементийг цахилгаан станцын үнстэй хольж савлан, худалдаж байсан хүмүүсийн нэг болох С.Оюунзул гэх эмэгтэйд холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх удахгүй хэлэлцэх нь. ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд 2020 оны аравдугаар сард үнс хольсон, чанаргүй, хатдаггүй цемент борлуулж байсан нэг бус хүний үйлдлийг илрүүлэн шалгаж байсан билээ. Иргэн С.Оюунзул нь 2020 оны зургадугаар сараас аравдугаар сарын 16 хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн XX хорооны нутагт “МАК цемент” ХХК-ийн 50 кг савлагаатай цементийн уут, барааны тэмдгийг ашиглан, үнс хольсон 48 тонн хуурамч бүтээгдэхүүн “үйлдвэрлэж”, хадгалсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байдаг. Ийнхүү хууль бус үйлдэл хийснээр “МАК цемент” ХХК-д 3.6 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан аж. Мөн иргэн М-д үнс хольсон 24 тн цементээ тээвэрлэн, худалдсанаар 5.9 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон.
ЭЦА-ныхан уг хэргийг шалгаж эхлэх үед “МАК цемент”-ийнхээс гадна БНХАУ-ын үйлдвэрүүдийн цементийн ууттай 400 ширхэг үнс хольсон “бараа” битүүмжилснээс гадна “Монцемент”, “Тайга”, “Байкаль” болон хятад ханзаар бичсэн шошготой 14 000 уут ашиглахаар хадгалж байсныг илрүүлсэн юм. НПГ-аас иргэн С.Оюунзулд Эрүүгийн хуулийн 18.16-2.1 дэх хэсэгт заасан “Бусдын барааны тэмдгийг ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулан хуурамч бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан хэргийг байнга тогтвортой үйлдсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр болоод байна.
Бэлтгэсэн Г.Равжаа