2019 оны гуравдугаар 25-нд иргэн Н.Ундрах нөхөртөө зодуулж, доромжлуулсан хэмээн Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэс хандаж, гомдол гаргасан байдаг. Хэргийн эзэн нь "Нэткапитал санхүүгийн групп"-ийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, “Сүндий” сангийн тэргүүн Д.Сүндий.
Гэвч Д.Сүндий хохирогчийн гомдолд хэрэг бүртгэх ажиллагаа явуулж байсан Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын I хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгчөөр ажиллаж байсан, цагдаагийн ахмад Г.Даваажав болон Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын I хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн дарга Т.Батсайхан нарт Д.Баттөгсөөр дамжуулан авлига өгч, хавтаст хэрэг дэх баримтуудыг устгуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосон гэдэг. Тодорхой хэлбэл, хавтаст хэрэг доторх гэрч Н.Мөрөнгийн мэдүүлэг, тэмдэглэл, хохирогчийн биеийн гэмтсэн хэсгийг авсан 26 ширхэг гэрэл зургийг ор мөргүй болгон “цэвэрлэсэн” аж. Хэргийн материалыг "баллуурдсаныхаа" төлөө тэд Д.Сүндийгээс 15 сая төгрөг авсан гэнэ.
Цагдаагийнханд өгөх авлигын мөнгө угтаа 20 сая төгрөг байсан аж. Д.Сүндийгийн удирдлага дор ажилладаг Д.Баттөгс дундаас нь тав саяыг нь завшсан гэдэг.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Сүндийгийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ял оноож, Д. Баттөгсийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 14.000.000 төгрөгөөр торгосон. Мөн шүүгдэгч Г.Даваажавын нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хорих ялаар, шүүгдэгч Т.Батсайханы нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хорих ялаар шийтгэж байв.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр эл хэргийг хянан хэлэлцлээ. Улмаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Тодорхой хэлбэл, Д.Сүндийгийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, зургаан сарын хорих ял оноов. Мөн цагдаа Г.Даваажав, Т.Батсайхан нарыг хийсэн үйлдэлдээ гэмшиж байгааг харгалзан, нийтийн албанд томилогдох эрхийг нь 5 жилийн хугацаагаар хасаж, тус бүр 3 жил хорих ял оноожээ.