Сар шинийн баярын амралтын өдрүүдэд хэд хэдэн газарт ахуйн хүрээний гал түймэр гарчээ. Тухайлбал, нийслэлд энэ сарын 4-нд галд өртсөний улмаас нэг хүн нас барлаа. Уг өдрийн 02.26 цагт Хан-Уул дүүргийн IV хороо, “Андын зам констракшн” компанийн барьж буй барилгын хашаанд байрлах төмөр чингэлгийн дээвэр, харуулын байр шатаж, 58 настай эрэгтэй нас барсан байна. Түүнчлэн энэ сарын 5-нд Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт байрлах авто засварын газарт гал гарч, хоёр автомашин, нэг мотоцикл шатжээ. Галын шалтгааныг тодруулахаар холбогдох албаныхан ажиллаж буй гэнэ.