Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст хоёрдугаар сарын 1-5-ны өдрүүдэд нийт 835 мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 299 дуудлагыг шийдвэрлэж ажилласан байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 31 хүн гэмтэж бэртсэний 15 нийслэлд, 16 орон нутагт бүртгэгдсэн байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 414 зөрчил бүртгэгдсэний 228 нь нийслэлд, 168 нь хөдөөд гарсан зөрчил гэнэ.
Цагдаагийн байгууллагаас олон улсын болон улсын чанартай 10200 km хатуу хучилттай авто зам болон 360 сум, суурин газрыг холбосон замуудад цагийн менежментээр цагдаагийн төрөл, мэргэжлийн албадын алба хаагчид 50 км тутамд, удирдах бүрэлдэхүүн 100 км тутамд хяналт тавьж буй. Тэд 24 цагаар орон нутагт 231 хяналтын цэгт 550, нийслэл хотод 247 цэгт 800-1000 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэн ажилласны үр дүнд олон улсын болон улсын чанартай авто замд ноцтой зам тээврийн осол бүртгэгдээгүй байна. Баярын өдрүүдэд гарсан 2 хүний амь хохирсон осол нь суурин газар /хашаан дотор/-т болон цагдаагийн алба хаагчийн хяналт тавих боломжгүй газарт гарчээ.
Эдгээр өдрүүдэд нийслэл хотоос 30 000 мянган тээврийн хэрэгсэл орон нутгийн чиглэлд хөдөлгөөнд оролцсон байна. Оюутан, сурагчдын улирлын амралт дуусаж, хичээл эхлэхтэй холбоотойгоор нийслэл хот руу чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим ачаалал ихсэх хандлагатай байгаа тул иргэд жолооч та бүхэн аюулгүй байдлаа хангаж, зам орчны байдалд хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас та бүхэнд анхааруулж байна.