Сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд энэ жил улс, аймгийн цолтой 256 бөх барилдлаа. Энэ удаа Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн заан Э.Мөнхжаргал түрүүллээ. Ховд аймгийн харьяат, улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэн, их шөвөгт улсын гарди М.Бадарч, улсын харцага Т.Баасанхүү нар шалгарав. Хоёр өдөр үргэлжилсэн барилдаанд Э.Мөнхжаргалыг түрүү бөхөөр тодорно гэж хэн ч таамаглаагүй. Тэрбээр нэгийн даваанд улсын начин Т.Дүгэрдорж, хоёрын даваанд улсын заан М.Өсөхбаярыг давсан. Улмаар гурвын даваанд цэргийн арслан Л.Отгонбаатар, дөрвийн даваанд улсын аварга П.Бүрэнтөгс, тавын даваанд улсын начин Ч.Батчулууныг өвдөг шороодууллаа. Ингээд зургаагийн даваанд улсын гарди Б.Гончигдамба, их шөвөгт улсын гарди М.Бадарч, үзүүр, түрүүнд улсын заан Б.Пүрэвсайханыг хаяж, үзэгчдийг алмайруулав. Сар шинийн барилдаанд түрүүлсэн аймгийн заан цолтой анхны бөх нь Э.Мөнхжаргал боллоо.
Таавар будилуулсан тэрбээр 2015 онд нутгийнхаа наадамд үзүүрлэн сумын начин цол хүртжээ. Үүнээс хоёр жилийн дараа түрүүлж, сумын заан болсон аж. Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв багшийн удирдлагад бэлтгэл базааж, 2019 онд Дархан-Уулын наадамд зодоглож, аймгийн заан цол хүртсэн байна.
Бэлтгэсэн Г.Цэцэг