Бага дэлхийн аварга гэгддэг IJF-ийн цуврал Гранд Слам тэмцээн өнөөдөр Францын нийслэл Парис хотод эхэллээ. Энэ тэмцээнд манай улсаас 13 тамирчин 2 дасгалжуулагчийн хамт оролцож буй юм.
Нийтдээ 52 орны эрэгтэй 154, эмэгтэй, 131 нийт 285 жүдоч өрсөлдөхөөр тэнд хуран чуулаад байна.
Өнөөдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаанууд явагдах бөгөөд эрэгтэй -60, -66, -73 эмэгтэй -48, -52, -57, -63 кг-ын жингийн аваргууд тодорно.
Манай улсаас энэ өдөр “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт ОУХМ Ц.Цогтбаатар тэргүүтэй найман бөх зодоглоно.
-60 кг: Энэ жинд нийт 18 жүдоч хүч үзэх бөгөөд манай улсаас Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Энхтайваны Ариунболд хүч үзнэ.
Улсын хошой аварга тэрбээр тэмцээний чансааны 8-д эрэмблэгдсэнээр А хэсэгт ДАШТ-ий хүрэл медальт Азербайжаны Карамат Хусейновтой орох нь тодорхой байв. Улмаар эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрдугаар тойрогт эзэн эхний тойрогт эзэн орны Винсент Лимар /Мастерс-ийн мөнгөн медальт/, Италийн Андреа Карлино нарын ялсантай шилдэг наймд үлдэхийн төлөө хүч үзнэ.
Улмаар ялсан тохиолдолд хэсгийн аваргын төлөө К.Хусейновтойгоо барилдах юм. Азербайжаны жүдочтой манай бөх өнгөрсөн оны Тбилисийн Их дуулгад учраа таарч ялагдаж байв.
Хэрвээ энэ удаад учраагаа ялбал тэмцээний гол фаворит Японы Риюүжи Нагаяматай хагас шигшээд учраа таарах магадлал өндөртэй байна. Р.Нагаямагийн тэргүүлсэн В хэсэгт Португалын Гран Прид түрүүлсэн БНСУ-ын Ли Ха-Рим багтсан байна.
-66 кг:Тэмцээний чансааны гуравт эрэмблэгдсэн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү С хэсгийг тэргүүлэн барилдах бөгөөд эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрын даваандаа 2015 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт БНСУ-ын Ким Чан-Юүнтэй оноолт таарах магадлал өндөр байна. Гуулин улсын жүдоч эхний тойрогт Ганын жүдоч Доминик Агудоод ялагдчихгүй бол тэд хоорондоо учраа таарна. Тэдний хэсэгт Кубын Орландо Поланко, Францын Орландо Касорла нарын залууч багтсан байна. Харин оюутны Универсиад наадмын мөнгөн медальт ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр эхний тойрогтоо эзэн орны Дайки Боубатай учраа таарлаа. Энэ бөхийг хожвол шилдэг наймд үлдэхийн төлөө Африкийн наадмын аварга Уойл Эззинетэй барилдана. Улмаар шилдэг наймд шалгарвал хэсгийн аваргын төлөө олимпын мөнгө, хүрэл, дэлхийн аварга БНСУ-ын Ан Баултай барилдана. Тэд 2017 оны оюутны Универсиад наадмын аваргын төлөө хүч үзэж, Ан Бауль вазари үнэлгээгээр ялж байв. Энэ жинд нийт 22 жүдоч хүч үзэж байгаа бөгөөд олимпын мөнгөн медалт Гүржийн Важа Маргвелашвили, өнгөрсөн оны Парисын Их дуулгын аварга Японы Риёма Танака нар хүч үзэх гэж байна.
-73 кг: Хамгийн олон буюу 31 жүдоч хүч үзэх энэ жинд дэлхийн шилдгүүд олноороо оролцож байна. 2021 онд жингийнхээ чансааг тэргүүлсэн олимпын иж бүрэн медальт Гүржийн Лаша Шавдатуашвили А хэсгийг тэргүүлэх бол манай ОУХМ Ц.Цогтбаатар С хэсгийг тэргүүлэн барилдана. Тэрбээр эхний тойрогт Африкийн наадам болон тивийн АШТ-ий хошой хүрэл медальтай Аден Александр Хуссейнтэй учраа таарсан. Улмаар энэ бөхийг ялаад БНСУ-ыг Ан Жэ-Сик, Польшийн Виктор Мровзински нарын ялсантай шилдэг наймд үлдэхийн төлөө хүч үзнэ. Улмаар ялбал хэсгийн аваргын төлөө -66 кг-д олимпын аварга болж явсан Италийн Фабио Басилетэй учраа таарах магадлал өндөр байна. Түүнтэй хамт энэ жинд зодоглох ОУХМ Одбаярын Уранбаяр В хэсэгт өнгөрсөн оны тус тэмцээний аварга Японы Кнши Харадатай учраа таарлаа. Тэрбээр өрсөлдөгчөө ялбал олимп, дэлхийн мөнгөн медальт Азербайжаны Рустам Оружов, Францын Бенжамин Аксю нарын ялсантай хүч үзнэ. Энэ жингийн D хэсэгт Азербайжаны Хедаят Хейдаров, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Сойчи Хашимото нар багтсан байна.
-48 кг: Нийт 16 жүдоч хүч үзэх энэ жинд ОУХМ Бавуудоржийн Баасанхүү эхний тойрогтоо 2015 оны залуучуудын дэлхийн аварга БНСУ-ын Ли Хие-Кюүнтэй учраа таарсан. Тэрбээр өрсөлдөгчөө ялбал тэмцээний чансааг тэргүүлэгч Францын Мелани Лего-Клемон, Кубын Алеанни Карбонелл-Жулиан нарын ялсантай хэсгийн аваргын төлөө хүч үзнэ.
-52 кг: Тэмцээний чансааны тавдугаарт эрэмблэгдсэн “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Бишрэлтийн Хорлоодой D хэсэгт ДАШТ-ий хүрэл медальт Швейцарийн Фабиен Кочерийн хамт багтлаа. Тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөсөн бол хоёрын даваанд БНСУ-ын Жун Ерин, Испаний Изаскун Баллестерос Гонзалес нарын ялсантай хүч үзнэ. Хэрвээ өрсөлдөгчөө ялбал хэсгийн аваргын төлөө Ф.Кочер, Францын Члое Девиктор нарын ялсантай барилдана.
-57 кг: Эмэгтэй жингүүдээс хамгийн олон буюу 27 оролцогчтой тус жинд манай улсаас Сүлд спорт хорооны тамирчин ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн хүч үзнэ. Тэрбээр А хэсэгт сугалаа таарсан бөгөөд эхний тойрогтоо IJF-ийн анхны тэмцээндээ зодоглох Мадагаскарын Кристиан Виталтай учраа таарсан. Энэ бөхийг лбар хоёрдугаар тойрогт БНСУ-ын Ким Жэ-Риён, Германы Сейжа Баллхаус нарын ялсантай барилдана. Түүний хэсгийг олимп, дэлхийн мөнгөн медальт Францын Сар-Леон Сисик тэргүүлэн барилдана. Тэд хэсгийн аваргын төлөө учраа таарах магадлал өндөр байна.