Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-ын I орлогч даргаар ажиллаж байгаад өнгөрсөн оны есдүгээр сард чөлөөлөгдсөн бригадын генерал Ц.Жавхланбаатарыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үндэслэлээр хууль сахиулах байгууллагынхан шалгаж байна. Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дахь гэртээ тэрбээр агсам тавьж хутга барин эхнэр рүүгээ дайрч “ална” хэмээн заналхийлсэн учраас гэргий нь цагдаагийн байгууллагад энэ сарын 15-ны үдэш дуудлага өгсөн гэнэ. Улмаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийнхэн дуудлагын дагуу очиж түүнийг Эрүүлжүүлэх байрандаа саатуулсан аж. Маргааш нь түүнд Зөрчлийн тухай хуулийн 6.20-7 дахь хэсгийн “Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг нээсэн аж. Харин хэрхэн шийдвэрлэсэн нь одоогоор тодорхойгүй байна. Тэрбээр ЗХЖШ-ын I орлогч даргын албан тушаалаас чөлөөлөгдөөд 2021 оны арваннэгдүгээр сард ҮБХИС-ийн Батлан хамгаалахын удирдлагын академийн захирлын албан тушаалд томилогдсон юм.
Тэрбээр хууль сахиулах байгууллагынханд шалгуулсан тохиолдол нэг бус. Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын хэлтсийн дарга байхдаа бусдаас хахууль авсан, эд хөрөнгө залилсан хэрэгт холбогдон цагдаа, АТГ-т шалгуулсныг бид цаг тухайд нь мэдээлсэн ч прокурорууд хэргийг хэрэгсэхгүй болгож байсан билээ.
Бэлтгэсэн Г.Равжаа