Говь-Алтай аймгийн Алтай сум дахь хилийн 0214 дүгээр ангийн … дугаар заставт үүрэг гүйцэтгэж байсан хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын даргынхаа амийг нь хөнөөж, зэвсэглэн оргосон хэргийг тус аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хэлэлцлээ. Эл хэргийг үйлдсэн О.Хатантэнгист 11 жил хорих, Т.Мөнгөншагайгийн зорчих эрхийг нэг жилийн хугацаагаар хасах ял тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх оноосон юм. О.Хатантэнгисийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн, хүний амь бүрэлгэхэд оролцсон Т.Мөнгөншагайгийн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй хэмээн Говь-Алтай аймгийн Прокурорын газраас давж заалдах шатны шүүхдээ эсэргүүцэл бичсэний дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээсэн байна.
Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс О.Хатантэнгисийг өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор хүний амь бүрэлгэсэн гэх зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, хүнийг санаатай хөнөөсөн гэм буруутайд тооцсон. Мөн эд зүйл дээрэмдсэн, цэргийн албанаас оргосон, хилийн алба хаах журам зөрчсөн, байлдааны зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг үрэгдүүлсэн гэм буруутай нь тогтоогдсон гэж дүгнэсэн билээ. Харин Т.Мөнгөншагайгийн хүний амь бүрэлгэсэн гэх үйлдлийг гэмт гэмт хэргийг шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эд зүйл дээрэмдсэн, цэргийн албанаас оргосон, хилийн алба хаах журам зөрчсөн, цэргийн эд хөрөнгө санаатай устгасан гэм буруутайд тооцсон.
Мөн энэ өдөр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан Э.Аззаяад холбогдох хэргийг өмгөөлөгчдийнх нь гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцэв. Тэрбээр оймсондоо олон мянган ам.доллар нуусан Н.Баярсайхантай хамт шалгуулсан ч шүүхээс хэргийг нь тусгаарлан буцаасан билээ. Э.Аззаяаг бусдаас удаа дараа их хэмжээний хахууль авсан гэм буруутайд тооцож, хоёр жил таван сар хорих ял Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оноогоод байв. Өөрөөр хэлбэл, албан тушаалаа ашиглан хясан боогдуулах замаар, бүлэглэн 64 удаагийн гүйлгээгээр 337.5 сая төгрөгийн хахууль авсан гэм буруутай гэж дүгнэсэн. Харин давж заалдах шатны шүүхээс шийтгэлийг нь хөнгөрүүлэн таван сарыг нь хасаж, хоёр жил ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Бэлтгэсэн Г.Равжаа