“Нарны хүү, сарны охин” ХХК-ийн удирдах албан тушаалтан Д.Гүрсоронз, Д.Одгэрэл, Д.Батбаяр нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр хэлэлцэхээр товлоод байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тэдэнд холбогдох хэргийг 2021 оны аравдугаар сард хэлэлцэн захирал Д.Гүрсоронзод хаалттай хорих ангид 10, удирдах албан тушаалтан Д.Одгэрэл, Д.Батбаярт нарт нээлттэй хорих ангид зургаан жил ял эдлүүлэхээр болсон билээ. Мөн иргэдэд учруулсан 7.2 тэрбум гаруй төгрөгийн хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж олгуулахаар шийдвэрлэсэн.
“Нарны хүү, сарны охин” компанийнхан эрх бүхий байгууллагаас барилга барих зөвшөөрөл албан ёсоор аваагүй байхдаа бодит нөхцөл байдлыг нууж “Амар амгалан” хэмээх орон сууцын хотхон барьж байгаа” хэмээн иргэдийг мэхэлж, улмаар барилгын зураг, загвар бүхий тараах материал бэлтгэн, түүнийгээ ашиглан иргэдэд “Хямд байр зарна, урьдчилгаа төлбөрийн дүн ихсэх тусам ам метр талбайн үнэ багасна, барьцаа хөрөнгө шаардахгүй, өрхийн орлого нотлох шаардлагагүй, жилийн таван хувийн хүүтэй лизингийн гэрээ компанитай байгуулна” гэх мэтээр зохиомол байдал бий болгож “Орон сууц захиалгын гэрээ”-ний урьдчилгаа хэмээн 457 иргэнээс 8.6 тэрбум гаруй төгрөг залилж авсан хэрэгт ял шийтгүүлсэн юм.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн дээрх гурван шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нарын гомдлын дагуу нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийнхэн 82 хавтастай, 20 252 хуудастай хэрэгтэй нь танилцсаны эцэст ийнхүү хэлэлцэхээр болоод байна.