Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.Пунцагийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд прокурорын зөвшөөрлөөр энэ сарын 19-ний үдэш албадан саатуулсан талаар бид цаг тухайд нь мэдээлсэн. Түүнийг яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн хорих санал гаргахаар болж буй гэсэн мэдээлэл тухайн үед эх сурвалжууд өгч байсан ч баасан гаргийн үдэш батлан даалтад гаргасан билээ. Ж.Пунцагийг Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байгаа юм. УБТЗ нийгэмлэг дэх баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр түүнийг байгууллагатайгаа гэрээ хийгээгүй аж ахуйн нэгжид давуу байдал олгож, ашиглалтаас гарсан вагоныг задалж төмрийн хаягдал хэмээн зарсан гэж буруутгаж буй аж. Үүнтэй холбоотойгоор Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь УБТЗ-ын харьяа байгууллагуудад АТГ-ын мөрдөгчид өнгөрсөн долоо хоногт нэгжлэг, шалгалт хийсэн гэдгийг орон нутгийн эх сурвалжууд өгсөн юм.
Харин өчигдөр АТГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан, комиссар Н.Тэмүүлэн мэдээлэл хийв. Тэрбээр “АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж энэ сарын 19-нд хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд Ж.Пунцагийг баривчилсан. Энэ хугацаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой ажиллагаанууд явуулснаар түүнд холбогдох үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал гарган прокурорт шилжүүлсэн. Прокурор саналыг шийдвэрлэж Ж.Пунцагт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгаж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах дөрвөн үндэслэл байдаг. Эдгээр үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд өөр төр лийн таслан сэргийлэх арга хэмжээ авах эрх зүйн зохицуулалттай. 2002 оноос хэрэгжиж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн цагдан хорих үндэслэлд гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарыг хамруулж үздэг байсан. 2017 оноос хэрэгжиж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд дээрх үндэслэл хуульчлагдаагүй. Тодорхой төрлийн буюу авлига, албан тушаалын гэмт хэрэгт нийгмийн хор аюулын шинж чанараас хамаарч цагдан хорих үндэслэл болгох эрх зүйн зохицуулалт практикт хэрэгтэй байгаа нь үнэн. Хуулийн ийм зохицуулалт дэлхийн улс орнуудад хэрэгждэг туршлага байдаг.
Гэхдээ баривчлаад, цаашид цагдан хориогүй, эсхүл цагдан хорьж байгаад өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан гэсэн үг биш” гэсэн юм.
Бэлтгэсэн Д.Дайчин