Нийслэлийн хэмжээнд анхаарал татсан бас нэг асуудал нь ус мөсний халиа дош үүсэж, голын эрэг дагуу аж төрж буй айл өрхүүдэд хүндрэл учирч эхэлжээ. Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн нийт 19 хорооны нутаг дэвсгэрт халиа дош үүссэн байна. Улмаар нийслэлийн Геодези усны барилга байгууламжийн газар болон дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Тохижилт үйлчилгээний хэлтсийнхэн халиа дошоог арилгах ажлыг зохион байгуулжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд 31 ажилтан албан хаагч, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 120 метр далан байгуулан, 220 метр суваг татаж урсцыг чөлөөлж иргэд, аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгийг авран хамгаалсан байна.