Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт өнгөрсөн долоо хоногт болсон. Энэ үеэр зэвсэгт хүчний нефть хангалтын ангийн захирагчаар томилогдоод удаагүй нэгэн офицер таалал төгсжээ. Түүний нас барсан шалтгааныг хэд хэдэн эх сурвалж энэ салбар дахь бичигдээгүй, тогтсон “дүрэм, журам”-тай холбоотой хэмээж буй. Зэвсэгт хүчинд нэлээд олон жилийн өмнөөс шинээр томилогдсон ангийн захирагч нарыг “тангараг өргүүлэх” уламжлал тогтоож, шинэ дарга нартайгаа хууччуул нь нийлж архи уудаг аж. Энэ бичигдээгүй “журам”- ын дагуу арга хэмжээ нь цугларалтын төгсгөлд голдуу болдог гэнэ. Үүнд бэлтгэж ангийн захирагчаар томилогдоод удаагүй М болон нэг бус ангийн удирдах албан тушаалтан сархад хүртсэнээс уг харамсалтай явдал болсон аж. Энэ асуудалтай холбогдуулан ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг анги, салбарын захирагч нарт үүрэг өгч, цугларалт тармагц анги, байрлалдаа очоод эргэж мэдэгдэхийг тушаасан байна. Зэвсэгт хүчинд хариуцлага хүлээлгэх явдал шударга бус гэдгийг зарим алба хаагч хэлдэг. Бага тушаалын офицер, ахлагч нар архи ууж, хэрэг зөрчилд холбогдож, нэг нь нас барсан тохиолдолд хамт байсан ахлагч нарыг халсан тохиолдол нэг бус. Харин ахлах офицерууд, захирагч, дарга нартаа төдийлөн хариуцлага тооцдоггүй талаар бид 2021 оын тавдугаар сард “Аяганы алгаас агтны алаг дээр” гэсэн нийтлэлээрээ хүргэж байсан. Энэ удаа талийгаач захирагчтай хамт байсан ахлах офицеруудад хариуцлага тооцсон, эсэх нь тодорхойгүй.
Зэвсэгт хүчний алба хаагчтай холбоотой өөр нэг таагүй мэдээ байгаа нь нэгэн ангийн сургагч ахлагч цолтой Г гэх хүн согтуудаа эхнэрээ зодож хөнөөсөн явдал. Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг дахь батлан хамгаалах салбарын алба хаагчдын амьдардаг хотхонд тэрбээр архи хэтрүүлэн хэрэглэж, эхнэр Н-ийг хардан зодож амийг нь бүрэлгэсэн байна. Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байна. Хэргийн холбогдогч Г энхийг сахиулах ажиллагаанаас ирээд удаагүй байхдаа ийм хэрэг үйлдсэн гэнэ.
Бэлтгэсэн Г.Орчлон