Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.Пунцагийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд прокурорын зөвшөөрлөөр энэ сарын 19-ний үдэш албадан саатуулжээ. Энэ талаар УБТЗ-ын эх сурвалжуудаас тодруулахад “АТГ-ынхан шалгаж байгаа нь үнэн. Хорьж шалгаж буй, эсэхийг нь мэдэхгүй. Өчигдөр ажилдаа ирээгүй” гэлээ.
Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр Ж.Пунцагийг бусдаас хахууль авсан гэх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй аж. Зарим цахим мэдээллийн хэрэгсэлд түүнийг “ачааны вагоны дараалалд өөрчлөлт оруулж бусдаас хахууль авсан байж болзошгүй хэрэг шалгаж байна” хэмээн бичсэн байв.
Тэрбээр хууль сахиулах байгууллагынханд шалгуулсан, шүүхээс ял шийтгүүлсэн явдал нэг бус. 2019 онд түүнийг тагнуулын байгууллагынхан шалгаж эхэлсэн ч тэгсхийгээд мартагдсан. Үүнээс өмнө Гадаадын иргэн, харьяатын газрын хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа 2014 онд “Си ар си жи девеломент Монголиа” ХХК-ийн удирдах албан тушаалтан БНХАУ-ын иргэнээс орчуулагчаар нь дамжуулан таван сая төгрөгийн хахууль авч, визийн хугацаа хэтрүүлсэн 14 хятад иргэнийг дахин хил нэвтрэх эрхтэйгээр нутаг буцаасан хэрэгт холбогдож байв. Уг хэрэгтээ шүүхээс нэг жил зургаан сар хорих ял шийтгүүлсэн билээ. Түүнээс өмнө цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа бусдын биед хүнд гэмтэл учруулсан, танхайрсан хэрэгт ял шийтгүүлж байсан гэдэг.
Эх сурвалжуудын бидэнд өгсөн мэдээллээр түүнийг үргэлжлүүлэн хорих, эсэхийг шүүх өнөөдөр шийдвэрлэх аж. Прокурор үргэлжлүүлэн хорьж шалгах саналаа өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өгч шийдвэрлүүлэх юм билээ.