Налайх, Багануур, Багахангай дүүрэг, Төв аймгийн нутгаас адуу хулгайлж, заримыг нь нядлан борлуулсан бүлэг этгээдийг НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлэн саатуулжээ. Улмаар Төв аймаг дахь Цагдаагийн газрынханд хүлээлгэн өгч мөрдөн байцаалтыг нь үргэлжлүүлэхээр болсон байна. 35, 45 настай А, Б нар өөр нэг бус хүнтэй хамтарч уг хэргийг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдож буй агаад дээрх дүүрэг, аймгаас хулгайлсан 34 адууг Хэнтийн нутаг руу тууж, бэлчээрт тавыг нь нядлан, мах, ширийг нь борлуулсан гэнэ. Уг хэрэгт холбогдсон дээрх хоёр хүн ямар нэг ажил хийдэггүй, А өмнө нь мал хулгайлсан, танхайрсан, хүний амь санаатай бүрэлгэсэн хэрэгт гурван ч удаа ял шийтгүүлж байсан аж. Б ч ялгаагүй, хүний амь хөнөөсөн, эд зүйл хулгайлсан хэрэгт дөрвөн удаа ял шийтгүүлээд суллагдсан болохыг цагдаагийнхан тогтоосон байна.
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт удаа дараа хулгайн гэмт хэрэг үйлдсэн өөр нэг бүлгийг НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн уржигдар орой илрүүлжээ. 2020 оны арваннэгдүгээр сараас хойш айлын орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны вакум цонхоор нэвтэрч, хаалгыг нь эвдэн орж эд зүйл хулгайлсан 23-35 настай найман залуугийн 70 удаагийн үйлдлийг цагдаагийнхан тогтоогоод буй аж. Мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хэргийн нэг холбогдогч Б-гийн гэрт нэгжлэг хийхэд хулгайлсан байж болзошгүй зөөврийн компьютер, проектор, зөөврийн санах ой, гурван бурхан олдсон гэнэ. Тэрбээр өмнө нь мөн л эд зүйл хулгайлсан хэрэгт гурван ч удаа ял сонссон бол өөр нэг холбогдогч нь бас энэ төрлийн хэрэгт шийтгүүлж байжээ.
Бэлтгэсэн Г.Орчлон