Японы мэргэжлийн сүмод монгол залуусын ур чадварыг гайхуулж, мэхний “их дэлгүүр” хэмээн нэрлэгдэж явсан Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Кёкүшюүзанбатбаярыг гэргий, Гавьяат жүжигчин Т.Баясгалан болон бизнесийн түнш Н.Болормаа, Д.Цэрэндорж нарын хамт гэм буруутай, эсэхийг нь дэнслэхээр болоод буй билээ. Уг нь энэ сарын 4-ний 10.00 цагт шүүх хурал хийхээр товлосон боловч НПГ-ын хяналтын прокурор П.Ганбулган Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ЭМЯ-ны албан тушаалтнуудын гэм бурууг дэнслэх шүүх хуралд оролцож байсан юм. Мөн шүүгдэгч Б.Цэрэндорж нэмж өмгөөлөгч аваад хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт гаргасан, Д.Кёкүшюзанбатбаярын өмгөөлөгч Ж.Оюунболд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй зэрэг үндэслэлээр хурлыг энэ сарын 27-ны 10.00 цагт хэлэлцэхээр хойшлуулсан билээ. НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 17.3-2.2 дахь хэсэгт заасан бусдыг залилан мэхэлсэн, 18.6-1-ийн мөнгө угаасан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн бөгөөд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээж аваад гэм буруутай, эсэхийг нь хэлэлцэх хурлыг 2021 оны арваннэгдүгээр сарын 18-ны 10.00 цагт хийхээр анх тов тогтоож байв.
Д.Кёкүшюзанбатбаяр гэргийнхээ хамтаар Богд хан уулын дархан цаазат, тусгай хамгаалалттай хэд хэдэн бүсэд газар авч, түүнийгээ зориулалт бусаар ашиглаж төрийн яамныхныг мэхэлсэн хэрэгт холбогдсон. Мэхний “их дэлгүүр” хэмээх Д.Кёкүшюзанбатбаярын мэхэлж авсан газруудын нэг Арцатын ам дахь орон сууцуудын гэрэл зургуудыг бид 2021 оны арваннэгдүгээр сарын 10-ны дугаартаа нийтэлж байсан билээ. Харин энэ удаа бид Богд хан уулын дархан цаазат газрын Чулуутын болон Ташгайн аманд авсан талбайдаа ямар “бүтээн байгуулалт” өрнүүлж буйг хүргэе.
Тэд өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ байгуулсан компаниар дамжуулж Богд хан ууланд их хэмжээний газар авсан ч зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцын хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хууль зөрчсөн үндэслэлээр хууль сахиулах байгууллагынхан шалгаж дууссан юм.
Д.Кёкүшюүзанбатбаяр хамаарал бүхий хүмүүс буюу төрсөн дүү Д.Аззаяагийн “Ногоон хана” компаниар дамжуулан Баянзүрх дүүргийн нутаг, Чулуутын аманд найман га, хадам ээж Ж.Жавзандуламын дүү Ж.Жагиймаагийн “Ногоон шүр” компанийн нэрээр мөн аманд таван га, дуучин, Гавьяат жүжигчин Т.Баясгалан “Зэсэн тал” ХХК-ийг 2013 оны сүүлчээр байгуулаад хэдхэн сарын дараа дээрх аманд 10 га газар авсныг хууль сахиулах байгууллагынхан шалгалтаараа тогтоосон. Улмаар тухайн аж ахуйн нэгжүүдийг өөр хүний нэр дээр шилжүүлснийг ч мөрдөгчид баталгаажуулсан билээ. Тухайлбал, Ж.Жагиймаагийн нэр дээр байгуулсан “Ногоон шүр”, “Өлзийт голын эх” компанийг 2014 оны дөрөв, 2017 оны мөн сард улсын заан Ч.Батзоригт шилжүүлсэн аж. Тэгвэл Гавьяат жүжигчин Т.Баясгалангийн нэр дээр байгуулсан “Зэсэн тал” болон Д.Кёкүшюүзанбатбаярын дүү Д.Аззаяагийн нэр дээрх “Ногоон хана” компанийг О.Пүрэв-Оч гэх хүнд өгсөн. О.Пүрэв-Оч нь тухайн компанийг Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралтын хүү Н.Соёмбын нэр дээр шилжүүлж, 2017 оны тавдугаар сард улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. “Ногоон хана” ХХК-ийнхаа эрхийг шилжүүлэхдээ Богд уулын Чулуутын амны найман га газрынхаа хамт өгсөн бөгөөд оронд нь Сонгинохайрхан дүүрэгт барьсан байрных нь үйлчилгээний талбайгаас авсныг мөрдөн байцаалтаар тогтоосон юм. Мөн Т.Баясгалангийн нэр дээр байгуулсан “Гэгээн талбай” ХХК-иар дамжуулж Хан-Уул дүүргийн нутаг, Богд хан уулын Ташгайн аманд 21 га газар авсан юм билээ. Гэвч уг 21 га талбайгаа заан Ч.Батзоригийн хамт Д.Кёкүшюүзанбатбаяр “Уран ган” ХХК-ийн захирал Б.Лхагвасүрэнд нэг га-г нь 150 саяар үнэлэн 3.2 тэрбум гаруй төгрөгөөр худалдахаар тохирч, дүү Д.Эрдэнэбилэгийнх нь нэр дээр шилжүүлсэн. Үүнийхээ хариуд BMW, “Бентли”, “Лексус-570”, “Ланд круйзер-200” зэрэг олон тооны автомашин авсан аж. Энэ үйлдэлд нь прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 18.6-1 дэх хэсгийн “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийнхөө хэлбэрийг өөрчилсөн” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Эдгээр газрыг авахдаа салбарын сайд болон БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын эрх бүхий албан тушаалтнуудад “Ахмадын амралт, сувиллын цогцолбор барина” хэмээн төсөл танилцуулж байсан аж. Гэвч өдгөө энэ талбайнуудаа огт ашиглаагүй, хашаа татаад орхисныг уншигч та бүхэн зураг дээрээс тод харж байгаа нь лавтай.