Цар тахлын үед ачаа тээвэрлэх үнийг өсгөн хөөрөгдөл үүсгэсэн иргэн Р.Батсайхан, Г.Базаррагчаа нараас 25-26 сая төгрөг хурааж улсын орлого болгох, тус бүрийг нь хоёр сая төгрөгөөр торгох шийтгэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-ын улсын байцаагч өнгөрсөн оны зургадугаар сарын 29-нд ногдуулжээ. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улс хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан үед тэд Эрээн-Улаанбаатар чиглэлд хүнсний нарийн ногоо тээвэрлэхдээ хөлсийг нь үндэслэлгүйгээр өсгөсөн, ердийн үед 2-3 сая төгрөгийн үнэтэй байсныг 25-26 сая болгож нэмсэн аж. Ингэхдээ хоорондоо хэлэлцэн тохирч өсгөсөн нь шалгалтаар тогтоогдсон байна. Энэ үйлдэл нь хэрэглэгчийг хохироох хууль бус худалдааны арга хэрэглэсэн зөрчил гэж ШӨХТГ-ын улсын байцаагч үзжээ. Харин үндэслэлгүйгээр ачаа тээвэрлэх төлбөрөө нэмсэн дээрх хоёр иргэн ШӨХТГ-ын байцаагчийн шийтгэлийг хууль зөрчсөн гэж үзэж нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан ч гомдлыг нь хүлээж аваагүй юм. Өөрөөр хэлбэл, иргэн Р.Батсайхан, Г.Базаррагчаа нарт холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 10.7-4.7-д заасан “Хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн буюу тээврийн үйлчилгээний үнийн хөөрөгдөл үүсгэж, өрсөлдөөний хууль тогтоомж зөрчсөн” гэсэн үндэслэлээр тус бүрийг нь хоёр сая төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого 25, 26 сая төгрөгийг уг хоёр хүнээс хурааж, улсын орлого болгохоор шийдсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн байна. Улсын дээд шүүх ч өчигдөр тэдний гомдлыг хэлэлцээд ШӨХТГ-ын улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Мөн энэ өдөр дээрх танхимынхан Б.Баасанцогтын гомдлын дагуу Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдох маргааныг хэлэлцсэн юм. Улмаар түүний гомдлыг хангасангүй.
Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооныхон 2021 оны тавдугаар сарын 21-нд хуралдаж түүний өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар түдгэлзүүлэх хариуцлага хүлээлгэсэн байдаг. Эл шийдвэрийг хүчингүй болгуулахаар Б.Баасанцогт шүүхэд хандаад амжилт олсонгүй. Түүнийг “олон нийтийн газар биеэ зохисгүй авч явсан үйлдэл гаргасан нь Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 3.1.8, 43.1.2-т заасныг зөрчсөн” гэж Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь ч, шүүх бүрэлдэхүүн ч дүгнэсэн байна. Тэрбээр нэр бүхий шүүгчдийн хамтаар архидан согтуурч, цахилгаан шатанд ёс зүйгүй авирласан бичлэг нь олон нийтийн сүлжээнд цацагдсан билээ.
Бэлтгэсэн Г.Орчлон