“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдох явдал гарсаар байна. Тус үйлдвэрийн ерөнхий захирлын орлогчоор ажиллаж байсан З.Ганбаатар, Техникийн автоматжуулалт ба тооцоолон бодох цехэд группийн ахлагчаар ажиллаж байсан Л.Дэлгэрбат нар их хэмжээний хахууль авч, түүнийгээ оффшор бүсээр дамжуулж угаасан, улмаар Лондонд 569 мянган фунт стерлинг буюу 1.1 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валютаар 110 ам метр талбай бүхий орон сууц худалдан авсан хэрэгт холбогдуулан АТГ-ын шалгаж дуусаад шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон.
Тэгвэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нэгдүгээр орлогч захирал Т.Батмөнхөд АТГ-ынхан өнгөрсөн сард хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд байгаа юм. Түүнийг 140 сая төгрөгийн үнэлгээтэй, 2012 онд Япон улсад үйлдвэрлэсэн “Лексус-570” загварын тус үйлдвэрийн өмчлөлд байсан автомашиныг 16 саяын үнэтэй хэмээн акталж, хувьдаа авсан хэмээн шалгаж эхэлсэн. Уг жийпнээс гадна “Toyota Hi¬ace” загварын автомашиныг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлж актлан хувьдаа авсан гэх үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн юм.
Бэлтгэсэн Г.Равжаа