Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг хэрцгийгээр зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдсан олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, улсын заан Н.Түвшинбаярыг цагдан хорих хугацааг нэг сараар сунгалаа. Хохирогч эх орондоо болон БНСУ-д олон сар эмчлүүлсэн ч сэхэл аваагүй, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 24-нд таалал төгссөн юм.
Тиймээс Н.Түвшинбаярыг хүний амь бүрэлгэсэн хэрэгт яллагдагчаар татаж болзошгүй нөхцөл байдал үүсээд буй билээ. Гэхдээ ялын зүйлчлэлийг өөрчлөх асуудлыг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа хэрэгт хяналт тавьж буй Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор шийдвэрлэх юм. Тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эл хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2021 оны арванхоёрдугаар сарын 23-нд хийгээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3-1.2 дахь хэсэгт заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн” гэж дүгнэн мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцааж, Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн цагдан хорихоор болсон. Таслан сэргийлэх арга хэмжээ авсан хугацаа өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт дуусаж буйтай холбоотойгоор Хан-Уул дүүргийн Прокурорын газраас түүний цагдан хорих хугацааг нь сунгуулах санал пүрэв гарагт нь шүүхэд хүргүүлснийг энэ сарын 14-нд прокурор, хохирогчийн өмгөөлөгч, яллагдагчийн өмгөөлөгч нарыг мэтгэлцүүлэн хэлэлцээд шийдвэрлэсэн юм. Улмаар Н.Түвшинбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-1.2 дахь хэсэгт заасан “Өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй” гэж үзээд хорих хугацааг нь 30 хоногоор сунгав.
Н.Түвшинбаяр согтуудаа 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны үдэш Э.Энхбатыг хэрцгийгээр зодож, тархинд нь хүнд гэмтэл учруулсан бөгөөд цагдаагийнхан хэргийн газраас “Glen¬morangie” гэх вискиний хоёр шил эд мөрийн баримт болгон хураан авсан байдаг. Тиймээс олимпын аваргад холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.1-2.1 дэх хэсгийн “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн байсан бөгөөд шинээр илэрсэн нөхцөл байдал буюу хохирогч нас барсанд үндэслээд хэргийн зүйлчлэлийг өөрчилж болзошгүй байгаа юм.