Онцгой байдлын албанаас ахуйн гал түймрийн дуудлага их байгааг анхааруулав. Иргэд гал түлэхдээ аюулгүй байдлаа хангаагүйгээс, мөн санамсар болгоомжгүй байдлаасаа үүдэн гэрээ шатааж, өөрсдийгөө эрсдэлд оруулдаг аж. Тухайлбал, Багахангай дүүргийн 2 дугаар хорооны 1 дүгээр гудамжинд гэр шатжээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид иргэн Б-ын 4 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан гэнэ. Харамсалтай нь уг гал түймэрт 51 настай, эрэгтэй Б өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Үүнээс гадна Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн 6 дугаар гудамжинд байшин шатлаа. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 1.6 км зам туулан иргэн Э-ийн 4х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 37 минут ажиллаж унтраасан байна. Мөн өчигдөр гэр, байшин шатсанаас гадна, машин, мухлаг бусад эд зүйлс шатсан дуудлага хэд хэд иржээ.