Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав "Жем интернэшнл" группийн нэрэмжит, "Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх" Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааныг цуцалсныг мэдэгдэв.
Уг нь энэ өдөр Бөхийн өргөөнд "Жем интернэшнл" группийн нэрэмжит, "Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх" Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаантай байв. Гэвч уг барилдаанд зодоглохоор Улсын даян аварга Н.Батсуурь, Улсын арслан Р.Пүрэвдагва нар бүртгүүлсэн нь бөхчүүдийг дургүйцлийг төрүүлжээ.
Тодорхой хэлбэл, Улсын харцага О.Хангай нарын бөх сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн дээрх бөхчүүдийг бүртгэсэн Монголын Үндэсний бөхийн холбооны удирдлагуудын шийдвэрийг эсэргүүцсэн юм. Учир нь Үндэсний бөхийн салбар хороо 2020 оны аравдугаар сарын 20-нд хуралдан 2020 оны Улсын баяр наадамд сэргээшийн шинжилгээнд зөрчил гаргасан улсын аварга Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдавга, харцага Б.Бат-Орших нарын асуудлыг хэлэлцэн олонхын саналаар 11 сараар барилдах эрхийг хасах шийдвэрийг гаргасан.
Улсын харцага О.Хангай энэ талаар өөрийн цахим хуудсандаа "Допингийн шинжилгээнд бүдэрч, баяр наадмын комиссоос 11 сараар эрхээ хасуулсан аварга, арслан хоёрыг Монголын Үндэсний Бөхийн Холбоо барилдахыг зөвшөөрч бүртгэжээ. Баяр наадмын комиссоос ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргасан юм, бүү мэд. Өмнө нь шинжилгээнд бүдэрсэн бөхчүүд хоёр жилээр эрхээ хасуулж байсан. Одоо зарим нь 4-8 жилээр эрхээ хасуулж байхад харилцан адилгүй шийдвэр гаргасан нь харамсалтай. Үүнийг ард түмэн, бөх сонирхогчид, шударгаар хөдөлмөрлөж байгаа бөхчүүд хүлээн зөвшөөрч байна уу. Би бол хүлээн зөвшөөрөхгүй байна" хэмээн бичжээ.