Эрүүл мэндийн сэтгүүлчдийг мэргэжлийн хувьд чадавхжуулах, хүчирхэг нэгдэл бий болгон хөгжүүлэх, мэргэжлийн ёс зүйн болон ур чадварын хамгийн сайн стандартыг бий болгох зорилготой байгуулагдсан Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооныхон Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Бүх нийтийн эрүүл мэндийг дэмжих зорилгынхоо хүрээнд тус холбоо нь иргэдийн энэ талын боловсролыг дээшлүүлэхэд салбарын байгууллагуудтай ийнхүү хамтран ажиллаж эхэлжээ. Уг хамтын ажиллагаагаар холбоод орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд, тэр дундаа сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт, арга хэмжээнүүд зохион байгуулах юм байна. Түүнчлэн эрүүл мэндийн чиглэлээр мэдээ, мэдээлэл түгээн ажиллаж буй редакцуудтай хамтран ажиллах замаар олон нийтийн мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон ажлыг хамтран хэрэгжүүлэх аж.
Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо нь цаашид энэ чиглэлээр мэдээ, нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэдэг сэтгүүлчид, редакцуудын мэдээллийн эх сурвалж хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх, олон нийтийн дундах эрүүл мэндийн сэтгүүл зүйн ач холбогдол, нэр хүндийг өсгөх чиглэлээр цөөнгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.