Шинэ үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн барилдаанд улсын гарди М.Бадарч, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Пүрэвсайхан, М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага А.Цацабшир, Б.Бат-Өлзий, О.Хангай, Ө.Даваабаатар тэргүүтэй 256 бөх зодоглосноос улсын харцага О.Хангай түрүүлж улсын гарди М.Бадарч үзүүрлэв.
Их шөвөгт улсын харцага Б.Бат-Өлзий, Б.Цэдэнсодном нар шалгарлаа. Харин дунд шөвгийн наймд улсын харцага Ө.Даваабаатар Ц.Мөнхбаяр, улсын начин Б.Серик, Г.Ганжад нар үлджээ.
Дараагийн барилдаан ирэх амралтын өдрүүдээр үргэлжилнэ. Нэгдүгээр сарын 15-ны 12:00 цагаас Завхан аймгийн Их уул сумын харьяат, өсөх идэр начин С.Лхагвын нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан, нэгдүгээр сарын 16-ны 12:00 цагаас Жем интернэшнл группийн нэрэмжит “Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх” Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болох юм байна.