Баянзүрх дүүргийн хүүхдийн цэцэрлэгүүдэд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг “Өсвөр үе хүнс” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга асан, тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогчийн албан тушаал хашиж байсан Б.Наранчулуун тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн хүсэлтийн дагуу хянан хэлэлцлээ. Уг нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хэлэлцээд түүнийг гэм буруутай гэж дүгнэсэн боловч эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр ялаас чөлөөлсөн юм.
Б.Наранчулууныг менежер Б.Хулангийн хамт 2016 оноос АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан бөгөөд цэцэрлэгийн жаалуудын хоол, хүнсний хөрөнгөөс хумсалсан хэрэгт буруутган НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн өмнө нь нэг бус удаа шүүхэд шилжүүлж байсан ч шүүхээс хэргийг буцаасаар нэлээд хугацаа өнгөрсөн. “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын дарга Б.Наранчулуун, менежер Б.Хулан нарыг албан тушаалаа ашиглан нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс төмс, хүнсний ногоо, мах, махан бүтээгдэхүүн худалдан авахдаа сонгон шалгаруулалт явуулалгүйгээр гэрээ байгуулж, бусдаас хээл хахууль авсан хэмээн анх шалгасан байдаг. Улмаар Б.Наранчулуун, Б.Хулан нарт НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4-4 дэх хэсэгт заасан хахууль авсан, 22.1-1-ийн “Нийтийн албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан”, аж ахуйн нэгжүүдийн албан тушаалтан болох Ц.Долгормаа, Ц.Наранчимэг, У.Жаргалсайхан нарт бусдад хахууль өгсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. Уг нь энэ хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны тавдугаар сард хэлэлцээд Б.Наранчулуунд нэг жил хорих ял шийтгэж байв.
Харин өчигдөр хэлэлцсэн давж заалдах шатны хурлаас шүүх бүрэлдэхүүн “Хөөн хэлэлцэх хугацааны талаар анхан шатны шүүх буруу дүгнэсэн” гэж үзээд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо.
Бэлтгэсэн Г.Равжаа