Цар тахлын үед “Камертон” хамтлагийн тоглолтыг “Зайсан хилл” цогцолборт хүний бөөгнөрөл үүсгэн зохион байгуулсан гэх үндэслэлээр “Собт трейд” компани болон тус хамтлагийн ахлагч Д.Болд, гишүүн Л.Ган-Эрдэнэ, Г.Мэнд-Амар тэргүүтэй хүмүүсийг Зөрчлийн тухай хуулийн 5.12-2 дахь хэсэгт заасан “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосонхорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсний дагуу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хариуцлага тооцсон аж. Гэвч “Собт трейд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэтуяа, “Камертон” хамтлагийнхны өмгөөлөгч З.Уянга нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсаны дагуу хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэврийг хүчингүй болгож, “Собт трейд” ХХК болон “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ, Г.Мэнд-Амар нарт холбогдох зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болголоо.
Бэлтгэсэн Г.Равжаа