“Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү, “Алтжин групп” компанийн захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн, “Эрдэнэт үйлдвэр”-ийн гүйцэтгэх захирлын албыг 2007-2013 онд хашсан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбат нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж чадахгүй хагас жил өнгөрч байна. Уг хэргийг өчигдөр хэлэлцэхээр товлоод байсан ч гол холбогдогч Ш.Батхүү эрүүл мэндийн шалтгааны улмаас хуралд ирээгүй юм. Тэрбээр өвдсөн тухайгаа нотлох баримтаа шүүхэд хүргүүлсэнд үндэслээд хурлыг ирэх сарын 15-нд хэлэлцэхээр товлосон байна. Үүнээс өмнө буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 20-нд товлосон хуралд Г.Алтан эрүүл мэндийн шалтгааны улмаар оролцох боломжгүйгээ илэрхийлсэн, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням хурал давхацсантай холбоотойгоор хойшлуулсан билээ.
Дээрх хүмүүст холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны аравдугаар сард 13 өдөр хэлэлцэж шийдвэрлэсэн. Ингэхдээ Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарыг гэм буруутай гэж дүгнэсэн бол Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг цагаатгасан юм. Улмаар Ш.Батхүүд нийтийн албанд томилогдох эрхийг тодорхой хугацаагаар хасаж, найман жил хорих ял шийтгэсэн. Мөн түүнээс “Эрдэнэт үйлдвэр” болон улсад учруулсан хохирлыг нь гаргуулахаар болж, битүүмжилсэн эд хөрөнгүүдийг нь нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх болсон юм.
Харин Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарт холбогдох үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн. “Жаст групп”-ийн захирал Ш.Батхүүгийн хувьд хуурамч бичиг баримт үйлдэн “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт холбогдсоныг уншигчид санаж буй нь лавтай. Уг хэргийг Улсын дээд шүүх 2021 оны зургадугаар сард хянаад анхан шатны шүүхээр дахиж хэлэлцүүлэхээр буцааснаас хойш ийнхүү шийдвэрлэж чадахгүй хойшлуулсаар байна.
Бэлтгэсэн Г.Равжаа