УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ болон БХБЯ-ны мэргэжилтэн М.Болортуяа, тус яамны Үл хөдлөх хөрөнгө, зах зээл, гадаад хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Бурмаа нарт холбогдох, албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх боллоо. Уг нь тус шүүх 2021 оны есдүгээр сарын 17-нд дээрх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэсэн юм. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг НПГ-ын хяналтын прокурорууд эсэргүүцэж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсаныг өчигдөр хэлэлцээд эсэргүүцэл үндэслэлтэй гэж дүгнэсэн аж. Шүүх хуралд З.Баянсэлэнгэ, М.Болортуяа, Ж.Бурмаа, тэдний өмгөөлөгч нар, мөн иргэний хариуцагч “Бэрэн групп” ХХК-ийн төлөөлөгч оролцож, прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм. Сайдаар ажиллаж байхдаа З.Баянсэлэнгэ албан тушаалаа ашиглаж, “Бэрэн групп”-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцаас 123 айлынхыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон. Ингэхдээ Засгийн газрын хурлаар хэлэлцэх гэж байна хэмээн шавдуулж, Ж.Бурмаа, М.Болортуяа нараар тогтоолын төсөл боловсруулж, “Бэрэн групп” ХХК-д давуу байдал олгосон, худалдан авсан орон сууцдаа хамаарал бүхий хүмүүсээ оруулсныг АТГ-ын мөрдөгчид шалгаж тогтоосон билээ.
Бэлтгэсэн Г.Равжаа