Жүжигчин Н.Онон болон Д.Жавзандорж нарыг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлжээ. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул тэдний оронд шинэ гишүүдийг томилуулах гэж буй нь энэ юм.
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулав.
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл нь 15 гишүүнтэй бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь зургаан жил байна гэж заасан байдаг. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний зөвлөлийн гишүүнд дөрвөн хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй байхаар заажээ. Ингэхдээ түүх уламжлал, ёс заншил, соёл урлаг, утга зохиол, шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Ерөнхийлөгчид санал болгодог.
Ийнхүү Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд Д.Жавзандорж, Н.Онон нарыг томилуулах саналыг УИХ-д оруулсан байна. Харамсалтай нь, нэрийг дэвшүүлсэн иргэдийг олон нийт эсэргүүцэж, цахим орчинд ил шулуун шүүмжилж эхэллээ.