УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газарт чиглэл өгөх тухай байнгын хорооны 05, 06 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсов. Эрүүл мэндийн сайд С.Энхболд тогтоолын хэрэгжилтийг заалт бүрээр танилцуулсан. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 03 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төслийг нь боловсруулжээ. Төсөлд оруулсан гол өөрчлөлтүүдийг танилцуулахдаа Эрүүл мэндийн даатгалын санд төр хариуцан төлөх шимтгэлийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, зарцуулалтыг нь оновчтой болгох, төлөвлөлтийг сайжруулах, болзошгүй эрсдэлээс хамгаалах талаар тусгасныг дурдлаа. Тэрбээр өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний нэг иргэнээр тооцсон төлбөрийн хэмжээг энэ оны эхний өдрөөс хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэр гарсныг онцолсон. 2022 онд анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад 307.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгохоор батлуулжээ.
Энэ үеэр сайд С.Энхболд “Коронавирусийн дельта хувилбарын давлагааны үеэр улсын хэмжээнд 23 мянган ор дэлгэсэн. Халдварын оргил үед өдөрт 8000 гаруй тохиолдол илэрч байсан. Энэ удаа омикрон хувилбарын давлагааны үед халдварын тохиолдол өдөрт 18-20 мянга байхаар буй. Олон улсын судлаачдын орон бүрээр гаргасан судалгаагаар Монголд өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлыг 40-45 мянга гэж тооцоолжээ. Тиймээс архаг, суурь өвчтэй, хөгшин настай хүмүүс, жирэмсэн эхчүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг түлхүү үзүүлнэ. Дельта хувилбарыг бодвол эмнэл зүйн шинж тэмдэг харьцангуй хөнгөн. Тэр бүр эмнэлэгт хэвтүүлээд байх шаардлагагүй гэж үзэж байна. Өрхийн эрүүл мэндийн төвд гол хүчийг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор 160 мянган төгрөгийн багцыг үргэлжлүүлэн хэвээр олгоно” гэв.
Мөн эмнэлгүүд бие даан төсвөө захиран зарцуулах боломжийг зохих журмын дагуу бүрдүүлэх замаар эмч, ажилчдын цалин, хөлсийг гүйцэтгэлд нь суурилан нэмэгдүүлнэ хэмээсэн. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтний цалингийн доод жишгийг нэмэгдүүлж чадварлаг эмч, сувилагч, асрагч нарын ажиллах хөшүүргийг бий болгох хүрээнд “Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн албан тушаалын цалингийн доод хэмжээ, сүлжээ”-г шинэчлэхээр холбогдох газруудад саналаа хүргүүлээд буй юм байна. Ингэхдээ цалингийн сүлжээний доод хэмжээг төсвийн нөөцөд тулгуурлан тогтоож 13.7-35 хувиар (дундаж нь 23) нэмэгдүүлж оруулжээ. Хуралдааны төгсгөлд эрүүл мэндийн даатгалын санхүүжилт авах эмнэлгийн байгуулагуудын магадлан итгэмжлэх журмыг хуулийн хүрээнд шинэчлэх, эмнэлгүүдийн ТУЗ байгуулах асуудлыг яаралтай шийдвэрлэх зэрэг чиглэлийг байнгын хорооноос өглөө.