“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 49 хувийн хувьцааг худалдан авах давуу эрхээс Монгол Улсын Засгийн газар татгалзах хууль бус шийдвэр гаргаж, Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэг тэргүүтэй хүмүүст давуу байдал бий болгосон гэх хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгийнхэн шалгаж дуусаад, шинэ он гарахын өмнөхөн прокурорын хяналтад шилжүүлжээ.
Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”- ийн 49 хувийг “Монголын зэс корпорац” (Монголиан коппер корперейшн) ХХК 2016 онд худалдаж авахад хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээнд зааснаар бол ОХУ-ын Засгийн газар гэрээний нэг “Тал”-ын хувиар манай Засгийн газарт албан ёсоор хандах ёстой байсан. Гэтэл “Ростех” корпорацын захирал С.В.Чемезовын албан бичгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авах давуу эрхээсээ 2016 оны зургадугаар сарын 13-нд татгалзсан билээ. Ийнхүү татгалзсанаар “Монголын зэс корпорац” ХХК-д 49 хувийг худалдахыг зөвшөөрсөн юм. УИХ болон Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг шийдвэрлэхдээ ОХУ-ын Засгийн газрыг төлөөлж чадахгүй, Монгол Улсын Засгийн газартай харилцах эрхгүй этгээдийн саналыг үндэслэн ийн шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзсэн.
Засгийн газрын 2016 оны зургадугаар сарын 13-ны хуралдаанд Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, тус банкны зөвлөх Ц.Пүрэвтүвшин нар оролцож, уг асуудлаар тайлбар хэлж, асуултад хариулж байсныг протоколд тэмдэглэжээ. Түүгээр ч зогсохгүй ОХУ-ын болон манай Засгийн газрын түвшинд уг асуудлаар ямар нэг шийдвэр гараагүй байхад “Монголын зэс корпорац” ХХК-ийнхан дүрмийн сангаа 2016 оны дөрөвдүгээр сарын 21- нд 12 тэрбум төгрөгөөр нэмж, тухайн үеийн Улаанбаатар хотын банк дахь данснаас 5.02 сая ам.долларыг ОХУ-ын “Альфа” банканд шилжүүлж, худалдан авах ажиллагааг эхлүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг аль эрт Д.Эрдэнэбилэг эзэнтэй Худалдаа хөгжлийн банкныхны хөрөнгө оруулалттай “Монголын зэс корпорац”-д худалдах тохироогоо хийчихсэн байсан гэж дүгнэж болох юм.
Уг нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт 2016 оны зургадугаар сарын 10-нд ЗГХЭГ-аас УИХ-аар соёрхон баталсан хэлэлцээрийг зөвхөн хуулиар л өөрчлөх, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувьтай тэнцэх хөрөнгийг хувьчлах, эсвэл хувьчлах хөрөнгийн жагсаалтад оруулахыг УИХ-аар шийдвэрлэх, ОХУ-ын “Ростех” корпорац саналаа дипломат шугамаар ирүүлэх ёстой гэсэн зөвлөмж хүргүүлсээр байтал ямар нэг ашиг сонирхлын үүднээс уг зөвлөмжийг хүлээн аваагүй нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон гэдэг.
Энэ мэт баримтад үндэслээд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг хууль бусаар худалдан авсан хэрэгт яллагдагчаар татсан. Харин тэрбээр хилийн чанад руу зугтсан учраас үйлдлийг нь тусгаарлан, бусад хэргийнх нь хамтаар түдгэлзүүлээд буй.
Харин энэ удаа мөрдөгчид Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэг, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац” компанийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхбаатар, гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, “Канетик” компанийн захирал Г.Хүрэлбаатар, Зам, тээврийн сайд асан Д.Ганбат, Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал зэрэг хүний үйлдлийг нэгтгэн, шүүхээр шийдвэрлүүлэх саналаа илэрхийлж, НПГ-т хүргүүлсэн байна.
Уг нь Д.Эрдэнэбат, Б.Болор, Д.Ганбат, Н.Золжаргал нарт холбогдох хэргийг тусгаарлан өмнө нь шүүхээр шийдвэрлүүлж байсан. Гэсэн ч Улсын дээд шүүхээс 2021 оны зургадугаар сарын 30-нд “анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй” гэж дүгнээд хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр НПГ-ын хяналтад буцаасан билээ. Ингэхдээ цөөнгүй заалт тусгасан байсан. Тухайлбал, хэргийн бодит байдал, түүнд хамтран оролцогч нарыг бүрэн тогтоохын тулд энэ хэргээс зарим хүнийг мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үндэслэлгүй нэгтгэж, тусгаарласан байна. Эрүүгийн хуулийн III бүлэгт заасан гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэр, хүрээний дотор шийдвэрлэх холбогдогчдын оролцоог шийдвэрлэх ёстой гэж үзсэн. Жишээ нь, УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац”- ын ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар, гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нартай бүлэглэж нэг гэмт хэргийг үйлдсэн талаар яллах дүгнэлтэд тусгасан атлаа зарим яллагдагчийг тусгаарлан шүүхэд шилжүүлээгүйгээс үйлдэгдсэн гэх гэмт хэрэгт үйл баримтын болон хууль зүйн дүгнэлт хийх бололцоогүй нөхцөл байдал үүссэн гэж Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч нар дүгнэсэн байдаг.
Өдгөө энэ хэргээс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид холбогдох үйлдлийг тусгаарлан тагнуулын байгууллага шалгаж буй билээ.
Бэлтгэсэн Г.Равжаа