Улсын их дэлгүүрт гал алдаж, 24 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дахиад шилжүүллээ. Уг нь өнгөрсөн оны гуравдугаар сард прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн ч нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан юм. Улсын их дэлгүүрийн барилгад 2020 оны зургадугаар сарын 7-нд гал гарч, олон иргэн, аж ахуйн нэгж хохирсныг уншигчид мартаагүй. Уг хэрэгт холбогдуулж “Аи ти эн” ХХК-ийн захирал Б.Цэрэн-Очир, иргэн Г.Бат-Оргил, Э.Бямбажаргал, Ц.Төмөр-Очир, Д.Отгонлхагва нарыг шалгасан бөгөөд хоёрт нь Эрүүгийн хуулийн 17.11-2-т заасан “Бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ.
МБА-ныхны явуулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад “Ай ти эн” ХХК-ийн захирал Б.Цэрэн-Очир 2020 оны тавдугаар сард Улсын их дэлгүүрийн холбогдох албаны хүмүүстэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, зургадугаар давхрын парпедийн хар цаасан дээврийг тогтоосон хугацаанд, захиалагчийн баталсан зураг төсвийн дагуу, чанартай гүйцэтгэхээр тохиролцсон. Гэвч тус компани нь барилгын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй, мэргэжлийн бус хүмүүс болох Г.Бат-Оргил, Э.Бямбажаргал, Ц.Төмөр-Очир, Д.Отгонлхагва нартай ямар нэгэн гэрээ хэлцэлгүйгээр дээрх ажлыг хийлгэсэн нь тогтоогджээ. Ингэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 13.2-т заасан “Галын дохиолол болон гал унтраах тусгай тоноглол, гарц, орцын зураглалыг гал гарч болзошгүй ажлын байр бүрт байрлуулан, тэдгээрийг тогтмол ажиллагаатай байлгаж, ажилтныг уг тоноглолыг ашиглаж сургасан байна”, 28.1.1-ийн “Үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах”, 28.1.8 дахь хэсгийн “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, Барилгын тухай хуулийн 40.1.4-ийн “Барилгын ажлын талбайд гал, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны горимыг мөрдөж, байгаль орчин, түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах”, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17.2.4-ийн “Ажилтан, албан хаагчийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал түймэр унтраах арга ажиллагаанд сургах, мэдлэгийг нь дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх” гэх зэрэг олон хуулийн заалтыг биелүүлээгүй гэж Б.Цэрэн-Очир, Г.Бат-Оргил нарыг буруутгаж буй. Ийнхүү олон хууль, дүрэм, журмыг зөрчиж мэргэжлийн бус хүмүүс ажиллуулсны улмаас гал алдаж Улсын их дэлгүүрийн барилгын 1-7 дугаар давхарт худалдаа, үйлчилгээ эрхэлдэг 125 иргэн, хуулийн этгээдэд 24 тэрбум 23 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэмээн шинжээчид дүгнэсэн билээ.
Иргэн Г.Бат-Оргил шингэрүүлсэн хий, хийн хошуу ашиглаж хуучирсан дээврийн хар цаасыг солихдоо ил галаар халааж, наах ажлыг гардан гүйцэтгэхдээ болгоомж алдсанаас ийм явдал болсныг ч мөрдөгчид тогтоосон байдаг. Мөрдөн байцаах болон прокурорын байгууллагынхан шүүхээс даалгасан нэмэлт ажиллагааг өнгөрсөн сард хийж дуусгаад хэдхэн хоногийн өмнө шүүхэд хүргүүлээд буй юм.
Бэлтгэсэн Г.Равжаа