Дэлхий даяар аутоиммун буюу дархлааны тогтолцооны хэвийн бус урвалаас үүдэлтэй өвчин сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа нь зохисгүй хооллолт, хэт “тансаглалаас” үүдэлтэй гэж Британийн эрдэмтэд мэдээлжээ. Тодруулбал, Барууны хэмээн тодотгодог хоолны хэв маяг, илчлэг ихтэй бүтээгдэхүүн, түргэн хоол эл өвний эрсдэлийг нэмэгдүүлдэг гэнэ. Лондон хотод үйл ажиллагаа явуулдаг Фрэнсис Крикийн хүрээлэнгийн санаачилгаар олон улсын мэргэжилтэн Жеймс Ли, Карола Винуэса нар аутоиммун өвчний шалтгааныг тогтоох зорилгоор судалгааны бүлгүүд байгуулжээ. “The Guardian” сонинд “Аутоиммун өвчин нь нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижингээс эхлээд үе мөч, зүрх, судас, гэдэсний гэхчлэн олон эрхтэн системийн өвчлөлд хүргэдэг. Олон улсын тооцоогоор аутоиммун өвчний тохиолдлын тоо жил бүр 3-9 хувиар нэмэгдэж байгаагийн гол шалтгаан нь түргэн болон Барууны хоолтой холбоотой. Энэ төрлийн хоолны дэглэмд эслэг гэх мэт чухал бүрэлдэхүүн дутагддаг” гэсэн байна.
Үүнтэй холбоотойгоор улс орнууд эрүүл бус хүнсний хэрэглээг хязгаарлах хөтөлбөр, бодлого боловсруулж байна. Жишээ нь, Британид 21.00 цаг хүртэл зурагтаар түргэн хоол сурталчлахыг хориглох, мөн цахим орчинд бүр мөсөн хориглох хуулийн төсөл хэлэлцэх болжээ. Нидерландын таван том хотын эрх баригчид түргэн хоолны газруудын тоог цөөлөхөөр мөн л хууль эрх зүйн түвшинд ярьж байгаа аж. Израил зэрэг зарим улс таргалалтын эсрэг тэмцлийн хүрээнд элсэн чихэр агуулсан ундаанд татвар ногдуулж эхэлсэн бол ОХУ-д түргэн хоолны газруудын татварын орлогыг таргалалтаас урьдчилан сэргийлэх, эмчлэхэд чиглүүлж, хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа рестораны илчлэгийн агууламжийн талаарх мэдээллийг маш тодорхой байлгахыг шаардах болжээ.
Бэлтгэсэн Э.Хана