Шувууны томуугийн А хүрээний вирусийн тархалт дэлхий дахинд эрчимжсэн, өндөр эрсдэл дагуулахуйц хэвээр байна гэж Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ)-өөс мэдээллээ. Өнгөрсөн сарын 28-наас хойш гэхэд 12 303 шувуу, нэг хүн эл вирусээр өвчилснийг эрүүл мэндийн байгууллагынхан тогтоож, бүртгэсэн байна. Тодруулбал, Бүгд Найрамдах Бенин Улсад 5661, Болгарт 1000, Португалд 31 тахиа, Израилд 5200 хотон, тогоруу, дэглий, Канадад 411 нугас, тагтаа, цахлай H5 болон H5N1 вирусийн халдвартайг тогтоожээ. Харин H5N1 вирусээр хүн өвчилсөн тохиолдол сүүлийн 14 хоногт ганц бүртгэгдсэн нь Британийн Девон мужид аж. 79 настай өвчтөний хувьд шувууны аж ахуйд ажилладаг бөгөөд шинж тэмдэг, зовуурь илэрсэн даруйд хотынхоо Эрүүл мэндийг хамгаалах төвд хандаж, тусгаарлагдсан гэнэ. Томуугийн вирусээр өвчилсөн жигүүртнүүдийн дийлэнх нь нүүдлийнх учир Монгол орон халдварын бүс болох өндөр эрсдэлтэйг ЗӨСҮТ-ийн судлаачид онцолжээ. Учир нь манай улсыг дэлхийн нүүдлийн шувуудын гурван гол зам дайран өнгөрдөг бөгөөд урин цагт олон төрөл зүйлийн “урилгагүй зочин” саатаж, нутагладаг онцлогтой. Тиймээс холбогдох байгууллагууд болзошгүй эрсдэлээс сэргийлж, нүүдлийн шувуу олноор нутагладаг газруудыг хяналтад авах, тэнд амьдардаг иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээлэл түгээх нь чухал гэдгийг анхаарууллаа.
Бэлтгэсэн Ж.Сувд