“Ковид-19” өвчнөөр нас барсан хүний тоо манай улсад өчигдөр 2001-т хүрлээ. Цар тахлын улмаас 2020 оны арванхоёрдугаар 29-нд манай улсад нэг хүн нас барсан нь анхны тохиолдол байв. Түүнээс хойш найман сар гаруйн дараа эндсэн хүний тоо 1000-д хүрч байжээ. Харин үүнээс дөрвөн сар орчмын дараа нас барсан хүний тоо дахин 1000-аар нэмэгдлээ. Хамгийн их хохиролтой буюу “Ковид-19”-өөр олон хүн эндсэн хугацаа нь 2021 оны 9-10 дугаар сар байлаа. Тодруулбал, коронавирусийн дельта хэлбэрийн улмаас цар тахлын гурав дахь давлагаа үүсэж, хоногт 19 хүн нас барсан нь дээд үзүүлэлтээр бүртгэгдсэн. Ялангуяа есдүгээр сарын 18- наас аравдугаар сарын 24 хүртэлх хугацаанд өдөр бүр 10-аас олон хүн энэ шалтгаанаар энджээ.
Манай улсад коронавирусийн омикрон хэлбэрийн халдвар бүртгэгдсэнээс шалтгаалан энэ сарын дундаас цар тахлын дөрөв дэх давлагаа үүсэх эрсдэлтэйг холбогдох албаныхан анхааруулсаар байна. Эл давлагаа нь өмнөхөөс ч илүү хохирол учруулж, олон хүн өвчлүүлэх эрсдэлтэйг Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр өчигдөр мэдээлэв. Түүний хэлснээр бол омикрон хэлбэрийн халдварлах чадвар өндөр учраас дөрөв дэх давлагааны оргил үед хоногт 15 000-20 000 хүн өвчлөх магадлалтай гэнэ. Тэрбээр “Омикрон хэлбэрийн халдварын үед гэр бүлийн нэг гишүүн өвчилсөн тохиолдолд бусад нь 24-48 цагийн хугацаанд халдвар авах эрсдэл 100 хувь гэж үзэж байна. Манай улсад омикроны давлагаа нэгдүгээр сарын дунд үеэс эрчимжиж, оргил үедээ хүрнэ. Нэг давуу тал нь манайд вакцины нэмэлт тунгийн хамрагдалт өндөр байгаа. Тиймээс иргэд гурав болон дөрөв дэх тундаа идэвхтэй хамрагдвал эл давлагааг хохирол багатай даван туулж, Цагаан сарын дараа танхимын хичээлийг эхлүүлэх боломжтой. Вакцины нэмэлт тун нь омикроноос маш сайн хамгаалж байгааг олон улсын болон дотоодын судалгаагаар тогтоосон” гэлээ.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс эхлэн халдвар авсан хүний тоо эрс нэмэгдэж, эмнэлгүүдийн ачаалал ч ихэсжээ. Энэ сард коронавирусийн омикрон хэлбэрээс гадна томуу, томуу төст өвчин өргөн хүрээнд тархаж, эмнэлгийн ачаалал ихээхэн нэмэгдэх төлөвтэйг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл өчигдөр мэдээлэв. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн хэмжээний эмнэлгүүдэд өчигдөр 3000 ор нэмэлтээр гаргасан байна. Мөн цаашид орны тоог нэмэх боломжуудыг судалж байгаа гэнэ. Түүнчлэн халдвар авсан бүх хүнийг эмнэлэгт эмчлэх боломжгүй бөгөөд зөвхөн эрсдэлт бүлгийн буюу өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, архаг, хууч өвчтэй иргэдийг хэвтүүлэхээр төлөвлөжээ.
Омикрон хэлбэрийн халдвар дотоодод бүртгэгдсэнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс өчигдөр хуралдлаа. Уг халдвар маш эрчимтэй тархаж буй учраас эрсдэлт бүлгийн иргэд олон нийтийн газраар явахгүй байхыг тус комиссоос анхааруулав. Мөн аж ахуйн нэгж, байгууллагуудын нэг ажилтан өвчилсөн тохиолдолд нийтээрээ халдвар авч, хүний нөөцийн хомсдолд орох эрсдэлтэй учир аль болох зайнаас ажиллахыг уриаллаа. Түүнчлэн цар тахлын дөрөв дэх давлагааны оргил нь Цагаан сарын үеэр таарах эрсдэлтэй учир гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэх шаардлагатай гэв.
Бэлтгэсэн М.Оч