Монголын үндэсний музейн Аюулгүй байдал, үйлчилгээний албаны дарга бөгөөд Өмч хамгаалах байнгын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Ундрахыг эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ. Тэрбээр 2016 оны нэгдүгээр сараас хойш өнгөрсөн жилийн аравдугаар сар хүртэл эл албан тушаалыг хашсан аж. Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр Монголын үндэсний музейн албан тушаалтан Ц.Ундрах нь эрх мэдлээ ашиглан тус музейгээс зарласан “Wifi хөтөч хийлгэх” тендерт 2-3 аж ахуйн нэгжээс үнийн санал авсан ч хамаарал бүхий этгээд буюу авгынхаа эзэмшлийн “Вай Пи Эм” компанийг шалгаруулан 16 сая төгрөгийн үнэтэй худалдан авах гэрээ байгуулжээ. Зөвхөн дээрх тендерээр тогтохгүй хэд хэдэн сонгон шалгаруулалтад эл аж ахуйн нэгжийг болон нөхрийнхөө байгуулсан “Цэгц мэргэн”, “Цагаан-Уул” ХХК-ийг удаа дараа шалгаруулан гэрээ хийсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон гэнэ. Ингэхдээ хамгийн багадаа 2.6 сая, түүнээс дээш үнийн дүнтэй бараа, ажил, үйлчилгээ худалдан авах сонгон шалгаруултад нөлөөлж, хамаарал бүхий хүмүүсийнхээ компаниудад давуу байдал олгож байжээ. Түүнд холбогдох хэргийг өдгөө Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянаж буй юм.
Бэлтгэсэн Г.Равжаа