Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явууллаа. Тэрбээр хурлын эхэнд 2022 он иргэд рүүгээ чиглэсэн жил байхыг дурдаад, иргэдийн ажлын байр, орлого, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарна гэдгээ онцоллоо.
Хотын дарга өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр нийт 11 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 90 хувьтай байлаа. Тухайлбал, эмзэг бүлгийн иргэдэд сайжруулсан шахмал түлш олгох бэлтгэл ажлыг хангах үүрэг өгсөн. Энэ дагуу 6098 өрхийн судалгааг гаргаж, нэгдүгээр сарын 11-нээс хоёрдугаар сарын 20-ны хооронд сайжруулсан түлшээр хангахаар төлөвлөжээ. Тодорхой хэлбэл, сайжруулсан шахмал түлшний хоногийн үйлдвэрлэл борлуулалтаа гүйцэж байгаа гэнэ. Тиймээс энэ долоо хоногоос эхлэн Цагаан сарын өдрүүдийг дуустал борлуулалтын явуулын цэг байгуулахаар төлөвлөжээ. Мөн өндөрлөг, алслагдмал цэгүүд, түлш авахад хүндрэлтэй байршлуудад явуулын цэг ажиллуулах аж.