ЭМЯ-ны өчигдрийн буюу энэ сарын 9-ний мэдээллээр улсын хэмжээнд 1010 иргэнээс шинэ коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол илрүүлсэн бөгөөд уг шалтгаант нас баралт хоёроор нэмэгдэн 1999-т хүрлээ. 2020 оны арванхоёрдугаар сарын 26-нд Монгол Улсад “Ковид-19” цар тахлаар нас барсан анхны тохиолдлыг бүртгэснээс хойших хугацаанд, тодруулбал, 379 хоног (нэг жил 14 хоног)-т 0-80 гаруй насны бараг 2000 хүн “SARS-CoV-2” коронавируст халдварын улмаас хорвоог орхижээ. Халдварын нийт тохиолдлын хувьд өчигдрийн байдлаар нийтдээ 394 480-д хүрснийг ЭМЯ-ны албан ёсны мэдээллээс харж болно. ДЭМБ-ын статистикаар бол “SARS-CoV-2” коронавирусийн халдварын улмаас 5 502 716 хүн буюу дэлхийн хүн амын 1.8 хувь нь тэнгэрт оджээ. Нас баралтын үзүүлэлтийг хүн амын тоотой харьцуулбал бид дэлхийд нэлээд дээгүүрт бичигдэнэ. Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн 1010 хүний 23-ынх нь биеийн байдал маш хүнд зэрэглэлд байгаа аж. Яагаад ийм олон тоо дурдав гэхээр, “Ковид-19”-ийн тархалт, нас баралт ийм өндөр хэмжээнд байсаар атал Засгийн газар “Коронавирусийн омикрон хэлбэрийн халдвар харьцангуй хөнгөн тусдаг” гэж албан ёсоор мэдээлж байгаа нь туйлын хуумгай хандлага.
Ингээд зогсохгүй ердөө ганц алхаад л баригдахын хооронд худал хэлж “Омикрон хэлбэрийн халдвар Монголд илэрсэн гэдэг мэдээлэл ташаа” гэж албаныхан индэр дээрээс нүд үл цавчин “чичирсэн” нь ердөө хэдхэн хоногийн өмнө. Тэгснээ удалгүй “Манай улсад коронавирусийн омикрон хувилбарын 12 тохиолдол батлагдлаа. Энэ хэлбэрийн халдвар манайд орж ирэх нь цаг хугацааны л асуудал байсан” гэж мэдээлэх. Угтаа бол цар тахал нэгэнт бүртгэгдээд, нас баралтын статистик нь дөрвөн оронтой тоогоор хэмжигдэж байгаа цаг үед ийм, тийм мутац нь манайд байхгүй гэж мэдээлдэг нь л дэндүү болчимгүй алхам. Ингээд зогсохгүй сүүлийн хоёр хэлбэрийн халдварын байдлыг харьцуулан дүгнэж, иргэдэд сэтгэл амрах “гогцоо” гаргадаг нь бас нэгэн алдаа байлаа. Ерөөс агаар дуслын замаар халддаг, вирусийн гаралтай ямар ч өвчинд ам гарах нь өрөөсгөл, хэдийгээр шинжлэх ухааны хөгжил цаг, минуттай зэрэгцэн явж байгаа өнөө цагт ч ялгаагүй. Тэр тусмаа түүхэнд “хар” дүнгээрээ шинэ хуудас нээчихсэн “SARS-CoV-2” коронавируст цар тахлын талаар ам бардамнал огт хэрэггүй. Гэтэл “Ингэхгүй, тэгэхгүй” гэж яг таг “харж” үзмэрч, мэргэч төлөгчийн байр сууринаас хандаж байгаа учраас ЭМЯ, ХӨСҮТ-ийн удирдлагыг шүүмжлэхэд хүрлээ, уучлаарай. Ингэлээ гээд хийж байгаа ажлыг нь, хичээл зүтгэлийг нь харлуулах гэсэнгүй, зөв тунгаана буй за. Биднийг “омикрон гайгүй ээ” гэж суух хооронд Кипр улсад дельта, омикроны хавсарсан мутацыг бүртгэсэн талаараа ДЭМБ мэдээллээ, өчигдөр. “Ковид-19” цар тахал үүсгэгчийн энэ шинэ мутацыг дельтакрон гэж нэрлэжээ. Үүний генетикийн үндэс нь дельтагийнх боловч зарим мутац нь омикроных аж. Тэгэхээр “амар хялбарт” тооцогдоод буй өнөөх мутац чинь “омикроныг үл тоож болохгүй” гэж сануулах шиг. Ийм муу зүйл болохыг урьдчилан таамагласан мэт ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Гебрейюс хоёр хоногийн өмнө Женевт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Зарим эрдэмтний таамаглаж буй шиг омикрон нь цар тахлын сүүл мушгих мутац гэдэгт эргэлзэж байгаа”-гаа илэрхийлээд олон улсад омикрон хэлбэрийн халдварыг хэт “хялбар” ойлгож, хөнгөн тусдаг мэтээр сурталчилж, зөвлөмждөө ч онцгой анхаарахгүй байсануулжээ. Омикрон хэлбэрийн халдвар томуугийн дэгдэлттэй хавсрах эрсдэлтэй, үүний уршгийг урьдчилан таамаглах ямар ч боломжгүй учраас иргэдийнхээ сэтгэл зүйд буруу ойлголт төрүүлэхгүй байхыг тэрбээр Засгийн газруудад уриалсан байна.
ДЭМБ-ын тэргүүн “SARS-CoV-2” коронавирусийн ямар ч мутацын үед вакцин аврал болохыг дахин сануулаад, “Өнөөгийн нөхцөл байдал дэлхийн хэмжээнд дархлаажуулалт хангалттай бус, вакцины хуваарилалт шударга бус байгаа нь коронавируст цар тахлыг хумих боломжийг удаашруулж байна” хэмээн тэмдэглэв. Вакцинжуулалтын нөхцөл байдал одоогийнх шигээ байвал энэ оны дунд үе гэхэд 100 гаруй улс хүн амынхаа 70 хувийг ч тарилгад хамруулах боломжгүй гэсэн статистикийг ч тэрбээр дурдлаа.
Хэдийгээр коронавирусийн омикрон мутац “өнгөн” дээрээ хүндрэх эрсдэл багатай мэт боловч хүний уушгинд үүрлэж зүсээ хувиргах магадлал өндөр болохыг дэлхийн эрдэмтэд сануулсаар буй. Нөгөөтээгүүр, халдварлах чадвар нь бусад мутацтайгаа харьцуулах аргагүй хурдан, хамрах хүрээ их байгаа нь омикрон “зүгээргүйг” илэрхийлэх үзүүлэлт мөн гэдгийг хойд хөршийн эрдэмтэд сануулсан. Жишээ нь, Оросын шинжлэх ухааны “Вектор” төвийнхний мэдээлснээр “SARS-CoV-2” вирусийн дараалсан геномуудад нэгдмэл байдлаар тодорхойлогдсон мутацын тоо олон мянга боловч тэдгээрийн цөөхөн хэд нь бүртгэгдэж, тогтвортой өвлөгдөж байгаа бөгөөд хамгийн хурдацтай тархдаг нь омикрон. Аливаа вирус өөрийн гэсэн геномтой бөгөөд “SARS-CoV-2”-ынх 30 мянга орчим тэмдэгт (нуклеотид) бүхий РНХ-ийн дараалал юм. Тэдгээр нь бие биенээ хатуу дагаж мөрддөг ч дараалал нь өөрчлөгдөж болно. Вирусийн шинэ хуулбар бүрийг угсрах үед эдгээр холбоосын аль нэгд алдаа гарч, өөрөөр хэлбэл, нэг нуклеотид нь нөгөөгөөр солигдоход бүхэл бүтэн гинжин хэлхээний код бага зэрэг өөрчлөгдаж, шинээр “мэндэлдэг” байна. Өдгөө коронавирусийн мутацууд энэ л замаараа явж буйн нэг илрэл нь дельтакрон юм.
Омикрон хэлбэрийн халдвар бүртгэгдсэнээс хойших хоёр сар орчмын хугацаанд дэлхий дахинд эл өвчний тархалтын тохиолдол тав дахин нэмэгдэн, сүүлийн долоо хоногт халдварын нийт тоо өмнөх долоо хоногийнхоос 71 хувиар өссөн бол шинэ, хавсарсан мутац дельтакрон үүнээс хэр хурдтай, эсвэл сааралттай байхыг одоогоор хэлэх боломжгүй. Магадгүй цар тахлын дараагийн давлагааны эхлэл байхыг ч үгүйсгэхгүй. Азаар “аажуу, намдуу” байх ч юм бил үү, урьдчилан таашгүй. Ямар байхаас үл хамааран ЭМЯ-ныхан минь, “Гайгүй, арай хөнгөн, айлтгүй” гэх зэргээр сулруулан мэдээлэхгүй байхыг хүсье. Сонор сэрэмж хэзээд илүүдэхгүй учраас цар тахалд байнга өндөр бэлтгэлтэй байх нь чухал. Өнөөдөр иргэдийн эрүүл мэндийн боловсролын түвшин хэр байгаа вэ, эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдал юу билээ, “Ковид-19”-тэй нүүр тулсан цагаас хойших хуримтлуулсан туршлага, мэдлэг, мэдээлэл, эмнэлгийн хүртээмж, боловсон хүчний нөөц маань ямар байна вэ гэхчлэн бодож, эргэцүүлж, дүгнэж, тунгаах зүйл олон байгааг энгийн биднээр хэлүүлэлтгүй мэдэж буй учраас аливаад ам гарч, эрт дүгнэхгүй байсан нь өлзийтэй болов уу.
ДЭМБ-ын мэргэжилтнүүд шинэ коронавирусийн омикрон мутацыг өдгөө ч судалсаар буй бөгөөд вакцин хийлгэсэн хүмүүс хэдэнтээ туссан муу мэдээ олон улсад бүртгэгдсээр. Тус байгууллагын тэргүүний онцолсноор омикрон хэлбэрийн халдвараар нас барсан тохиолдол цөөнгүй бүртгэгдсэн нь анхаарал сулруулж болохгүй гэсэн дохио юм. Түүний хэлснээр эмнэлгүүд ачаалал ихтэй, боловсон хүчин хүрэлцэхгүй байна. Вакцины хүртээмж нэн анхаарал татсан асуудал хэвээр байгаа бөгөөд “Зарим орны хувьд дөрөв дэх тунгийн талаар ярьж байгаа бол эрүүл мэндийн ажилтнууд нь хүртэл дархлаажуулалт хийлгэж чадаагүй улс орон ч байгааг тэрбээр сануулсан. Тодруулбал, өнөөдрийн байдлаар дэлхийн 36 улс нийт хүн амынхаа 10 хувийг ч вакцинд хамруулаагүй, тийм боломжгүй байна.
Харин манай улсын хувьд дархлаажуулалтын үзүүлэлт харьцангуй сайн, хамрагдах явц ч өргөн байгаа нь төр, засгийнхны ажлын үзүүлэлт гэдгийг онцлох нь зүйтэй болов уу. Хэдийгээр иргэд Засгийн газрыг “Хэт сүржигнэлээ” гэж шүүмжилж байсан ч үр дүнд нь бид өнөөдөр нэмэлт тунд хамрагдах, тэр хэрээр эрүүл мэндээ хамгаалах боломж бүрдсэн явдал гэдэгтэй маргахгүй байх.
Британийн эрдэмтэн Клэр Стивс “Толгой өвдөх нь омикроны хамгийн түгээмэл шинж тэмдэгүүдийн нэг. Омикрон хэлбэрийн халдварын тохиолдлын 75 хувьд нь ердийн томуугийн шинж тэмдэгтэй төстэй байгаа нь судалгаагаар батлагдсан. Гэхдээ энэ нь “SARS-CoV-2”-ын энэ мутацыг хөнгөн гэж үзэх үндэслэл биш. Омикроны тархалтыг зогсоохын тулд ханиадны нийтлэг шинж тэмдгийг анхаарч үзэх хэрэгтэй” хэмээгээд асар өргөн хүрээнд хурдацтай тархаж байгаа нь энэ хэлбэрийн тархалтын гол аюул бөгөөд үүний улмаас өнөөдөр Британид эмнэлгийн боловсон хүчний огцом хомсдол учирсныг онцлон тэмдэглэв. Өдгөө тус улсад цэргийнхэн эмч нарт тусалж байгаа аж. Британийн Батлан хамгаалах яамны хэвлэлийн албанаас баасан гарагт “Коронавирусийн халдварын тохиолдол дээд “амжилт” тогтоосон тул боловсон хүчин дутмаг, ачаалал ихтэй байгаа эмнэлгүүдэд цэргийн алба хаагчдыг илгээж эхэллээ” гэж мэдэгдсэн юм.
Омикроныг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлчээр Африк тивд илрүүлээд, судалж байх хооронд Европт хоёр ч шинэ мутац бүртгэгдсэн. Тухайлбал, хэдхэн өдрийн өмнө Францад шинэ коронавирусийн B.1.640 хэмээх хувилбарыг илрүүлсэн гэж энэ сарын 6-ны пүрэв гарагт зарласан. Гэхдээ ДЭМБ-ын мэдээлснээр “SARS-CoV-2” вирусийн энэ хэлбэрийн халдвар нь 2021 оны есдүгээр сард хэд хэдэн оронд анх бүртгэгдсэн бөгөөд арваннэгдүгээр сард тус байгууллагын мэргэжилтнүүд үүнийг “Ажиглалтад байгаа мутац” гэсэн статустайг мэдээлж, өдгөө ч энэ хэвээр байгаа учраас түр IHU хэмээн нэрлэж буй аж. Бүртгэгдсэн 12 тохиолдолд үндэслэн энэ хэлбэрийн халдвар, эмнэлзүйн шинж чанарын талаар таамаглахад эрт учраас ийнхүү анх илрүүлсэн Газар дундын тэнгисийн их сургуулийн дэргэдэх институтийн нэрээр “овоглоод” байгаа юм. Үүний дараагийнх нь өчигдөр албан ёсоор олон улсад зарласан дельтакрон буюу “цоо шинэ” шатандаа яваа учраас энэ тухай ямар ч таамаглал алга. Ямартай ч, хоёр сарын өмнө “төрсөн” мутацыг ДЭМБ-ын тархвар судлаач Мария Ван Керхове “Омикрон бол энгийн ханиад биш” гэж сануулаад басаж, зэрэглэлийг нь бууруулж болохгүйг анхаарууллаа.
Ташрамд өгүүлэхэд, “SARS-CoV-2” бол титэмт вирусийн төрөл бөгөөд 2020 оны нэгдүгээр сард Хятадын Хубэй мужийн Ухань хотод анх илрүүлсэн. Эл вирусийн РНХ нь халдвар авсан хүмүүсийн ялгадасны дээжээс ч илэрсэн учраас монголчууд шиг ил задгай морь харж, бас өтгөнөө гадагшлуулдаг, мөн гэр хорооллын жорлонгийн асуудалтай нөхцөлд урхаг нь илүү айхтар байх нь мэдээж. ДЭМБ-ын мэргэжилтнүүд ч ийм нөхцөл байдалтай улс орнуудад сануулсаар ирсэн. Удахгүй цас ханзарч урин цаг ирнэ. Титэмт вирус зүсээ хувиргасаар, элдэв ааштай болсоор буй энэ цаг үед бид үүнд анхаарч халдваргүйтгэлээ хангахгүй бол аюул улам нэмэгдэж байгааг сануулахад илүүдэхгүй биз. Нөгөөтээгүүр, энэ өвчний эсрэг вакцинд болон нэмэлт тунд хамрагдах нь өнөөгийн байдлаар хамгийн зөв хамгаалалт гэдгийг дахин сануулъя. Үүний зэрэгцээ коронавирусийн мутацуудыг хооронд нь харьцуулан, “амар, гайгүй” гэсэн түвшин “тогтоож” сэтгэлээ хуурч, хуумгай хандахгүй байхыг ч хүсье.