Манай эрдэмтдийн зөвлөл болон ХӨСҮТ хамтран вакцины дархлаа тогтоцын судалгааг хийжээ. Уг судалгааны талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгсайхан өнөөдөр мэдээллээ. Тэрбээр, "Коронавирусийн эсрэг хоёрдугаар тунг Астразенека хийлгэсэн хүмүүст 4-5 сарын дараа эсрэг биеийн титр 30 болж буурсан байсан бол Файзераар бүүстер тун хийхэд 570 болж нэмэгдсэн. Бүүстер тунгаас дөрвөн сарын дараа 70 гаруй болж буурсан байна. Хоёр дах тунгаа Вероцелл хийлгэсэн хүмүүсийн цусан дахь эсрэг биеийн титр таван сарын дараа 30 болж буурсан бол Файзераар бүүстер тун хийхэд 340 болж нэмэгдсэн. Харин бүүстер тунгаас хойш 4-5 сарын дараа 110 болж буурсан байна. Энэ нь вакцин тодорхой хугацааны дараа үйлчлэл буурч байгааг харуулж байгаа тул бид олон улсын жишгээр Омикроныг эрсдэл багатай давахын тулд IV тунг эхлүүлж буй.
Мөн дотоодод халдвар хэрхэн тархах магадлалтай талаар бид таамаг дэвшүүлдэг. Жишээ нь дельтагийн давлагаа ес, аравдугаар сард оргил үе нь байсан. Маш удаан хугацаанд үргэлжилсэн. Тэгвэл омикроны давлагаа дельтагаас 5 дахин их хурдан тархах магадлал өндөр байна. Өөрөөр хэлбэл, хурдан тархаад хурдан намжина гэсэн үг. Омикрон хувилбарын халдварлуулах чадвар дельтагаас өндөр. Гэхдээ эрсдэлийн индекс буюу өвчлөлийн хэлбэр нь хөнгөн байна" гэлээ.