“Онлайн бизнес төв” төслийн хүрээнд 2022 оны нэгдүгээр сарын 3-наас эхлэн нийслэлд үйл ажиллагаа явуулах 74 нэр төрлийн зөвшөөрөл болон зөвшөөрлийн шинжтэй эрх олгодог үйлчилгээнүүдийг цахимжуулан, “Онлайн бизнес төвийн Үйлчилгээ эрхлэх бүртгэлийн систем”-ийг хэрэглээнд нэвтрүүлжээ.
Цахим бүртгэл эхэлснээс хойш дөрвөн хоногийн хугацаанд 6000 гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тус системд хандан, үйлчилгээтэй холбоотой мэдээлэл авсан байна. Үүнээс 162 гаруй хүсэлт ирж, бүртгэгджээ. Тодруулбал,
- худалдааны чиглэлээр 91,
- хоол үйлдвэрлэлд 22 ,
- ахуй үйлчилгээнд 15,
- авто үйлчилгээнд 14,
- зочлох үйлчилгээнд хоёр,
- соёл урлагт дөрөв,
- үйлдвэрлэлийн чиглэлээр долоо,
- тоглоомын чиглэлээр зургаан хүсэлт тус тус ирүүлжээ.
Өмнө нь есөн дүүргийн хэмжээнд өдөрт 5-10 хүсэлт ирдэг байсан бол цахим хэлбэрт шилжсэнээр нэг дүүргийн хэмжээнд 6-9 хүсэлт ирж буй талаар албаныхан мэдээллээ.
Үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл хүссэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд www.ulaanbaatar.mn сайтын баруун дээд буланд байх “Үйлчилгээ эрхлэх бүртгэл” цэсэд хандах, эсвэл www.service.ulaanbaatar.mn сайтад шууд хандан мэдээлэл авах болон бүртгүүлэх боломжтой юм байна: