Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Лондоны Эзэн хааны коллеж хамтран улс орнуудын хүн амын дундаж наслалтын түвшин, амьдралын чанарыг судалсны үндсэн дээр 2030 он гэхэд энэ үзүүлэлтээр тэргүүлэх зургаан орныг эрэмбэлжээ. Тэдний тооцоолсноор найман жилийн дараа гэхэд БНСУ эрчүүд болон эмэгтэйчүүдийн наслалтын түвшнээр дэлхийд “цойлох” нь. Солонгос эмэгтэйчүүдийн дундаж наслалт 90 давж, эрчүүдийнх 85 руу дөхөх тооцоо гарчээ. Эмэгтэйчүүдийн дундаж насны үзүүлэлтээр Франц, Япон, Испани, Швейцар, Австрали улс Өмнөд Солонгосын хойно бичигджээ. Харин эрчүүдийн наслалтаар удаах байруудад Австрали, Швейцар, Канад, Нидерланд, Шинэ Зеланд орсон байна.
Хүн амын дундаж наслалтын индексийг тооцохдоо эдийн засгийн өсөлт, боловсролын түвшин, эрүүл мэндийн салбарын хөгжил, хүртээмжтэй байдал, өвчлөл болон осол гэмтлийн тэргүүлэх шалтгаан зэрэг олон үзүүлэлтийг харгалзсан байна. Судлаачид “Урт наслахад олон хүчин зүйл нөлөөлдөг ч хамгийн чухал нь эрүүл мэндийн боловсрол, амьдралын хэв маяг, хүнсний сонголт, амьдрах орчин” хэмээн дурджээ.
Үндэсний статистикийн хорооноос хамгийн сүүлд буюу өнгөрсөн оны хоёрдугаар сард гаргасан мэдээллээс үзэхэд монголчуудын дундаж наслалт 70 байна. Энэ нь манай улс хүн амынхаа дундаж наслалтыг тооцож эхэлсэн 1992 оны үеийнхээс 7.4 жилээр нэмэгдсэн үзүүлэлт юм. Хүйсээр нь ангилбал монгол эрчүүд дунджаар 66, эмэгтэйчүүд 75 насалдаг аж.