Иргэд чарганаас унаж, гэмтэх тохиолдол ихэссэнийг Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс анхааруулсаар байна. Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд 1578 хүн ийм шалтгаанаар гэмтсэнээс 65 орчим хувь буюу 1010 нь хүүхэд аж. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 24 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. 30 хоногийн үзүүлэлтээр тооцоолоход өдөрт дунджаар 52 иргэн чарганаас осолдож, гэмтжээ.
Зориулалтын бус, хуванцар материалтай чарганы хэрэглээ ихэссэн нь энэ төрлийн осол, гэмтэл гаарах гол шалтгаан болж буйг тус төвийн эмч, мэргэжилтнүүд дурдав. Тиймээс иргэд, ялангуяа бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд зориулалтын, аюулгүй чарга хэрэглэж заншихыг анхаарууллаа. Зориулалтын чарга хавтгай гүйгчтэй, бариултай, дэмжигч нуруутай, хүүхдийг бэхлэх бүстэй, мөн төмөр болон модон материалаас бүтсэн байдаг гэнэ.
Бэлтгэсэн Ж.Мишээл