Коронавируст цар тахлын мутацлагдсан хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор гадаадаас ирж байгаа иргэдийг гурав хоног тусгаарлах арга хэмжээг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-наас эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 115 захиалгат нислэгээр 11 820 иргэн ирсэн бөгөөд тусгаарлан ажиглах 15 байранд 634 иргэн байна. Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын 65 төрийн алба хаагч тусгаарлан ажиглах байранд үүрэг гүйцэтгэж буй гэнэ.
Мөн УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас коронавируст халдварын шинэ хувилбар “Омикрон” вирусаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа гэнэ. Хошууч генерал Г.Ариунбуян иргэдээс ирж байгаа санал, гомдолд хариулт өгөх, тусгаарлах байрны халдвар хамгааллыг сайжруулах, тусгаарлан ажиглах байранд байгаа иргэдэд зөвлөмж мэдээлэл хүргэх зэрэг үүрэг, чиглэл өгсөн талаар тус штабаас мэдээллээ.