Энэ сарын 4-нд Төв аймгийн махны үйлдвэрийн манаач нь менежерээ хөнөөсөн хэрэг гарчээ. Тодруулбал, хохирогчийн эхнэрээс ирсэн дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид эрэн сурвалжлах ажлыг яаралтай зохион байгуулж, тус аймагт үйл ажиллагаа явуулдаг махны үйлдвэрийн орчмоос “цустай” хувцас олсон байна. Эл цустай хувцас махны менежер мэргэжилтэй 55 настай Б-ийнх мөн болох нь тогтоогджээ. Тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад мах хадгалах зоориноос гадны нөлөөтэй нас барсан байдалтай олдсон талаар ЦЕГ-аас мэдээллээ.
Хэргийг тус компанийн манаач, 32 настай иргэн А үйлдэж, хэргийн газраас оргон зайлсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул сэжигтэн этгээдийг шуурхай эрэн сурвалжлан, энэ сарын 5-ны өдөр 07.00 цагт СХД-т үйл ажиллагаа явуулдаг зочид буудлаас баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг Төв аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлж буй гэнэ.