"Жи тайм" сүлжээ байгуулан гаднын иргэнтэй бүлэглэн олон зуун иргэдийг хохироосон Э.Оюунчимэгт холбогдох хэргийг гурван шатны шүүхээр хэлэлцэж шийдсэн. Гэсэн ч иргэд хохирлыг нь барагдуулахгүй удааширч байгаа талаар гомдол гаргажээ. 11 000 гаруй хохирогчийн гүйцэтгэх хуудсыг бичихэд нилээдгүй хугацаа шаардаж буй нь хохирлыг шуурхай барагдуулахад төвөг учруулж буй бололтой. Шүүхээс гаргасан шийдвэрүүдийг бүрэн танилцуулж байна.
Анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан / Залилах/ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргин анхан шатны шүүх 2020 оны тавдугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2020 оны долдугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд 687 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Оюунчимэгт 5 жилийн хорих ял оногдуулж, 11.830.503.841 төгрөгийг хавсралтад нэр дурьдагдсан хохирогч нарт олгуулах, 906 иргэний храиуцагчаас 6.881.661.229 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулах мөн Төрийн сан дахь МБА-ны тусгай дансанд байршуулсан 7 тэрбум 89 сая 588.699 төгрөгийг хохирогч нарт хувь тэнцүүлэн олгуулах, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж шүүхийн захирамжийн дагуу ШШГА-нд шилжүүлсэн 6 автомашинг худалдан борлуулах, борлуулсан орлогыг хохирогч нарт олгуулахаар тус тус шийдвэрлэсэн байна.
Давж заалдах шатны шүүх: Ялтан Э.Оюунчимэг түүний өмгөөлөгч Г.Энхболд, Ж.Гантулга, иргэний хариуцагч, хохирогч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, шүүх хэргийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд 1458 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.Хяналтын шатны шүүх: Ялтан Э.Оюунчимэг түүний өмгөөлөгч Г.Энхболд, Ж.Гантулга, иргэний хариуцагч, хохирогч нар нь Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж, шүүх хэргийг 2021 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд 216 тогтоолоор магадлалыг хүчингүй болгож, Давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.
Давж заалдах шатны шүүх: Ялтан Э.Оюунчимэгт холбогдох хэргийг шүүх 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд 638 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хэргийг 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдөр анхан шатны шүүх рүү буцаан хүргүүлжээ.
Хяналтын шүүх: 2021 оны есдүгээр сарын 23-ны өдрийн 354 дугаартай тогтоолоор ялтан Э.Оюунчимэг, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нэр бүхий иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гомдлуудыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд аравдугаар сарын 4-ний өдөр анхан шатны шүүхэд хүргүүлжээ. 2020 оны долдугаар сарын 17-ны өдрийн 687 дугаартай шийтгэх тогтоол, 2021 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 638 дугаартай магадлалаар Мөрдөн байцаах албаны төрийн сан дахь 100900012405 дугаартай тусгай дансанд байршуулсан 7,089,588,699.37 төгрөгийг /долоон тэрбум наян есөн сая таван зуун наян найман мянга зургаан зуун ерэн ес төгрөг гучин долоон мөнгө/ 11,352 хохирогч нарт хувь тэнцүүлэн олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх хуудас бичигдэх ажиллагаа явагдаж, одоогийн байдлаар шийтгэх тогтоолын хавсралтад дурьдсан 01-3528 дугаартай хохирогч нарын гүйцэтгэх хуудсыг бичиж хүргүүлээд байна.