Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүлийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцон ял шийтгээд буй билээ. Тэгвэл түүний удирдлагад ажиллаж байсан албан тушаалтнуудын хуудуутай үйлдлээс болж төр буюу нийслэл хохирч болзошгүйд хүрээд байна. Чухам юу болсон талаар доор дэлгэрүүлэн хүргэе.
НИЙСЛЭЛД ХЭЧНЭЭН АМ МЕТР ТАЛБАЙ ӨГӨХӨӨР ТОХИРОЛЦСОН БЭ
Хуучнаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар (ЗДТГ) байрлаж байсан, хотын ААА зэрэглэлийн бүс дэх, Төрийн ордноос хагас км ч хүрэхгүй зайд орших газарт өнөөдөр өндөр барилгын каркас босоод буй билээ. Уг барилгыг “Асар өргөө” гэх компани 2014 онд байгуулсан “Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хуучин барилгыг буулган шинээр оффис, үйлчилгээний барилга барих төслийн онцгой эрх (концесс) олгох” гэрээний дагуу барьж эхэлжээ. Уг концессын гэрээг байгуулахын тулд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны гуравдугаар сарын 21-ний тогтоолоор Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад ч тусгасан байна. Барилгын ажил удааширснаас шалтгаалж нийслэлийн ЗДТГ-ын харьяа холбогдох агентлагийнхан тус компанийн төлөөлөлтэй 2020 онд уулзаж, барьж буй барилгынх нь хэддүгээр давхарт талбай эзэмших, гэрээний биелэлтийг хэрхэн хангах талаар ярилцсан аж. Гэтэл гүйцэтгэгч болон захиалагч талынхны дунд үл ойлголцол бий болжээ.
Уг нь “Асар өргөө” ХХК нийт 15 153.9 ам метр талбай бүхий 16 давхар барилга барьж, түүнээсээ 4114-ийг нь нийслэлийн өмчид шилжүүлэхээр гэрээндээ тусгаж. Гэтэл барилгын ажлыг гүйцэтгэгч дээрх аж ахуйн нэгжийнхэн 4114 бус, 3732 ам метр талбай өгөх гэрээ байгуулсан хэмээн нийслэлийн холбогдох байгууллагынханд мэдэгдэж, гэрээ үзүүлсэн байна.
Чухам хэчнээн ам метр талбай нийслэл өмчдөө авах нь эргэлзээтэй болсон тул нийслэлийн ИТХ, Архивын газар, Эдийн засгийн хөгжлийн газар зэрэг байгууллагуудаас концессын гэрээ байгуулах үеийн холбогдох бичиг баримтуудыг нягталж үзэхээр Худалдан авах ажиллагааны газрынхан хандсан аж. Эдийн засгийн хөгжлийн газраас архивт илгээсэн цаасан материалд “Асар өргөө” ХХК-ийнхтай ижил 3732 ам метр талбай нийслэлийн өмчид шилжүүлэн өгөхөөр гэрээнд тусгасан байсан гэнэ. Харин компьютерт хадгалсан PDF файлд нь 4114 ам метр талбай шилжүүлэн өгөхөөр бичсэн нь гарч иржээ. Нийслэлийн ИТХ-ын архиваас гаргаж өгсөн хуралдааны тэмдэглэл хоёр байгууллагын маргааныг нэг тийш нь шийдвэрлэх баримт гэж дүгнэж болно. 2014 оны гуравдугаар сарын 21-ний 03 тоот, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэлээс “Концессын гэрээ байгуулах, зөвшөөрөл олгох тухай” баримтыг гаргаж өгсөн юм байна. Уг тэмдэглэлд “Хэлэлцэх асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын дарга Э.Тэмүүлэн, Концесс, төр, хувийн хэвшлийн түншлэл инновацын хэлтсийн дарга Н.Ганбат нар байлцав. Энэ үеэр Н.Батаа “Сүхбаатар дүүргийн барилгын тухайд 4114 ам метр бол орчин үеийн шинэ байр барих юм, газрын үнийг бодох юм бол үүнээс илүү гарахгүй. Шинээр баригдах барилгын маань 4000 ам метр нь хотын өмчлөлийнх байна” хэмээжээ. Мөн “Асар өргөө” ХХК-тай гэрээ байгуулах дүгнэлтэд “16 давхар барилга барих бөгөөд 5-10 дугаар давхарт 4000 ам метр талбайг нийслэлийн өмчид шилжүүлэх, үлдсэн хэсгийг нь концесс эзэмшигч өмчлөх юм” хэмээн дурдсан байна. Харин үлдсэн 114 ам метр талбайг зоорийн давхарт эзэмшихээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, “Асар өргөө” ХХК-ийн захирал Л.Ганзориг нарын байгуулсан гэрээнд зааж.
Эдгээрээс гадна нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын танилцуулгад “Концесс эзэмшигч барилгыг барьж дуусаад одоо байгаа талбайн хэмжээ 4000 ам метрийг бууруулахгүйгээр нийслэлийн өмчид шилжүүлнэ, үлдсэнийг нь өөрийн хэмжээгээр захиран зарцуулна. Нийслэлийн концесс олгох комиссын хурлын шийдвэрээр 2013 оны тавдугаар сарын 15-нд олон нийтэд нээлттэй зарлаж, наймдугаар сарын 1-нд урьдчилсан шалгаруулалт явагдахад хоёр компани шалгарч, улмаар хоёрдугаар шатанд “Асар өргөө” ХХК шалгарч гэрээ байгуулах эрх нээгдсэн. Концессын тухай хуулийн дагуу “Асар өргөө” ХХК-тай хэлэлцээр хийж, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын барилгыг буулгаж, орчин үеийн шийдэл бүхий оффис үйлчилгээний барилгыг хоёр жилийн дотор барьж байгуулан 5-9, 10 дугаар давхарт нийт 4114 ам метр талбай бүхий оффисыг нийслэлийн өмчид шилжүүлэхээр тохиролцоонд хүрсэн болно” хэмээн бичиж байжээ. Эдгээрээс гадна 2018 онд “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай” тогтоолыг нийслэлийн ИТХ-аар хэлэлцэн батла хад “4150 ам метр талбайг нийслэлийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлж, үлдсэн хэсгийг нь өмчилж ашиглана” хэмээн тусгасан байгаа юм.
ГЭРЭЭНИЙ ЭХ ХУВИЙГ АЛБАН ТУШААЛТНУУД ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР УСТГАСАН УУ
Нийслэлийн ИТХ болон холбогдох бусад байгууллагаас гаргасан баримтаар нийслэлийн өмчид 4114 ам метр талбай шилжүүлэхээр тусгасан атал “Асар өргөө” ХХК-д буй гэрээний нэг хувьд 3732 ам метр талбай өгөхөөр болоод буй. Өөрөөр хэлбэл, нийслэл хуучин Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын байр байсан талбайнаасаа 382 ам метрийг нь алдаж, өмчөөрөө хохирч болзошгүй нөхцөл байдалд хүрээд байгаа юм. Яагаад ингэж үзэх болов гэхээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, “Асар өргөө” ХХК-ийн захирал Л.Ганзориг нар гарын үсэг зурж баталгаажуулсан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин барилгыг буулгаж шинээр оффис үйлчилгээний барилга барих төслийн онцгой эрх (концесс) олгох гэрээний эх хувь нийслэлийн Архивын газраас ч, Эдийн засгийн хөгжлийн газраас ч, өөр хариуцсан холбогдох байгууллагуудаас ч гарч ирээгүй юм билээ. Дандаа компьютерт хадгалсан PDF файл, танилцуулга, концессын эрх олгох тогтоол, гэрээ байгуулах дүгнэлт, хурлын протокол, гэрээний төсөл л гарч ирсэн аж. Тэр бүхэнд нь 4114 ам метр талбай нийслэлийн өмчид шилжүүлэхээр тусгасан бөгөөд харин “Асар өргөө” ХХК-д буй гэрээний эх хувьд 3732 ам метрийг нийслэлийн өмчид өгөхөөр заажээ. Холбогдох байгууллагынхан “Асар өргөө” ХХК-д буй гэрээнд засвар оруулсан байж болзошгүй хэмээн хардаж буй юм билээ. Ингэж хардах үндэслэл ч бий. Тухайлбал, PDF файлаар хадгалсан гэрээний 1.5 дугаар зүйлд “…шинээр оффис үйлчилгээний 15 153.9 ам метр талбай бүхий 16 давхар барилгыг ногоон байгууламж, хороолол дундах зам, талбай, инженерийн байгууламжийн хамт барьж ашиглалтад оруулан нийслэлийн өмчид одоо эзэмшиж буй талбайн хэмжээг бууруулахгүйгээр 4114 ам метр талбайг олгон, үлдсэн хэсгийг оффис үйлчилгээний зориулалтаар түрээслэх болон зарж борлуулах…” гэж заасан байгаа юм.
Харин “Асар өргөө” ХХК-д буй гэрээний 1.2 дахь хэсэгт 5-10 дугаар давхарт 3732 ам метр талбайг хүлээлгэн өгөхөөр заасан бол 1.5-д нь “…Нийслэл энэхүү гэрээний 1.2-т заагдсан талбайг Концессын тухай хуулийн 5.1.1-т заасны дагуу өөрийн өмчлөлд шилжүүлэн аваад, цааш худалдан борлуулах тохиолдолд концесс эзэмшигч нь тухайн талбайг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхтэй байна…” гэсэн тэс өөр заалт бичигдсэн байгаа юм. Үүнд үндэслэн “Асар өргөө” ХХК-д буй гэрээ нь хуурамч байж болзошгүй гэж холбогдох байгууллагынхан үзэж цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хандсан гэнэ. 382 ам метр гэдэг бол зах зээлийн ханшаар нэлээд их хэмжээний буюу бараг дөрвөн тэрбум шахам төгрөгөөр үнэлэгдэх талбай гэсэн үг.
Өдгөө Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж буй бөгөөд энэ асуудлыг шалгуулах тухай өргөдөлд “Эх хувийг зохион байгуулалттайгаар устгаж, хуудсыг сольсон гэж үзэх үндэслэлтэй байна. “Асар өргөө” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөл одоо хэрэгжих шатандаа үргэлжилж байгаа бөгөөд нийслэлийн өмчид 3732 ам метр талбай шилжүүлэх хуурамч концессын гэрээг үндэслэл болгож яваагаас үүдээд гэрээ дуусгавар болоход нийслэлийн өмчид асар их хохирол учрах нөхцөл байдал үүсээд байна. Хуурамч гэрээний төсөл ашиглаж байгаа нь Эрүүгийн хуулийн 23.2 дахь хэсэгт заасан “Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэргийн шинжтэй байх тул холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгаж өгнө үү” гэжээ.
Харин цагдаагийнхан энэ өргөдлийг хэрхэн шалгаж, шийдвэрлэхээс шалтгаалж нийслэл өмчөөрөө хохирох уу, эсвэл Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хуучин байрны хэмжээ болох 4114 ам метр талбайгаа авах уу гэдэг нь тодорхой болох юм. Цагдаагийнхан зохих хууль, журмынхаа дагуу шалгавал гэрээнд оруулсан өөрчлөлтийг бичсэн үсгийн шрифт, эх гэрээнийхтэй адил байгаа, эсэхээс авхуулаад нягталж аль нь жинхэнэ болохыг тогтооход амархан л байлтай.
Эдгээрээс гадна хамгийн ноцтой нь Эдийн засгийн хөгжлийн газар, Концесс, төр, хувийн хэвшлийн түншлэл инновацын хэлтэс, нийслэлийн Архивын газар зэрэг байгууллагад хадгалж байх ёстой гэрээний цаасан эх хувийг алга болгосон, устгасан асуудал. 2016 оны орон нутгийн сонгуулийн дараа нийслэлийн удирдлага солигдохтой зэрэгцээд тухайн үед албан тушаалаасаа өөрчлөгдөж байсан эрх мэдэлтэн, дарга нар нь архивт хадгалах ёстой цаасан баримтаа устгаж өөрчлөн хувийн аж ахуйн нэгжид давуу байдал олгож, илүү гарсан 382 ам метр талбайг өөрсдөө авч ашиглахыг санаархсан уу гэдгийг холбогдох хууль хяналтын байгууллагынхан сайтар нягтлах ёстой санагдана.
Бэлтгэсэн Г.Равжаа